images

Д.Трамп Катараас 400 сая долларын бэлэг авах болсныг сөрөг хүчин эсэргүүцэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-12


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Катарын хааны гэр бүлээс 400 сая долларын үнэтэй “Boeing 747-8” онгоц бэлгэнд авахыг зөвшөөрсөн асуудлыг мөрдөн шалгахыг Ардчилсан намаас сонгогдсон Конгрессын гишүүн Ричи Торрес шаардлаа. “Axios” сайтын мэдээлснээр, энэ онгоц гадаад орноос АНУ-ын ерөнхийлөгчийн авсан хамгийн үнэтэй бэлэг болох бөгөөд одоо түүний хөлөглөдөг “Boeing 747”-г орлох ажээ. Онгоц авахыг зөвшөөрсөн шийдвэрийг Ардчилсан намын Үндэсний зөвлөл “Трампын нэг ээлжит луйвар” хэмээн нэрлэсэн байна. Харин Д.Трамп өөрөө Ардчилсан намынхны энэ санаачилгыг шүүмжилж байгаа бөгөөд онгоц бэлгэнд авах тохироог “бүрэн ил тод, шилэн” хэмээсэн юм. Мөн энэ шийдвэр авлигын тухай хууль тогтоомж, АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын бэлэг авах журмыг зөрчөөгүй хэмээн Цагаан ордон, Хууль зүйн яам тайлбарлажээ. Онгоцыг ирэх долоо хоногт Д.Трампыг Катарт айлчлах үеэр гардуулан өгөхөөр зэхэж байгаа аж. Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа онгоцыг түүний хувийн санд шилжүүлэхээр тохирсон хэмээн “ABC News” телевиз мэдээлжээ. Энэ онгоц нь дээд зэргийн тансаг ангиллынх тул “Нисдэг ордон” хэмээн нэрлэдэг байна.

Гэрэл зураг@Kevin Lamarque/Reuters

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.