images

Д.Трамп: "Бид Хятадыг хохирооё гэж бодохгүй байна"

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-13


   Америк, Хятадын төлөөний хүмүүс өнгөрөгч амралтын өдрүүдэд Швейцарын Женев хотод уулзаж, гаалийн татвараа 90 хоногийн хугацаанд харилцан 115 хувиар бууруулах тохиролцоонд хүрсэн билээ. Тэгвэл энэ хэлэлцээр маргааш мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр АНУ Хятадад үйлдвэрлэсэн бараанд 145 хувийн татвар ногдуулснаа 30 хувь болгож, БНХАУ-ын зүгээс АНУ-ын бараанд 125 хувийн татвар ногдуулснаа 10 хувьд хүргэхээр болов. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сарын 2-ны өдөр дэлхийн 57 оронд ногдуулах импортын татвараа нэмэгдүүлсэн боловч явцын дунд Хятадаас бусад улсад ногдуулсан татвараа 90 хоногоор хойшлуулсан юм. Харин АНУ-ын энэ шийдвэрийн хариуд Хятад тус улсын бараанд ногдуулах татвараа 125 хувь хүртэл нэмсэн билээ. Швейцарт болсон хэлэлцээний үр дүнгийн талаар сэтгүүлчдэд Д.Трампын мэдэгдсэнээр, зарим барааны татварыг бууруулсан шийдвэр 90 хоногийн хугацаанд л үйлчлэх бөгөөд цаашид үргэлжлэх хэлэлцээнээс нааштай үр дүн гарахгүй бол эргээд нэмэгдэнэ гэнэ. "Бид Хятадыг хохирооё гэж бодохгүй байна. Тариф нэмэгдсэнээр Хятадын амссан хохирол маш их. Үйлдвэрүүдээ хүртэл хаасан. Бидэнтэй тохиролцсондоо тэд маш их баяртай байгаа" хэмээн Д.Трамп ярьсан байна. Мөн энэ долоо хоногийн сүүлээр Хятадын дарга Ши Жинпиньтэй утсаар ярих бодолтой байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ.

   Татвар бууруулсан шийдвэр хөрөнгийн зах зээлд эергээр тусч байгааг дэлхийн хэвлэлүүд тэмдэглэж байна. Шийдвэр гарсны маргааш буюу 12-ны өдрийн орой биржүүдийн арилжаа хаахад S&P 500 индекс 3.2, "Dow" индекс 2.8, "Nasdaq" 4.3 хувийн өсөлттэй гарчээ. Энэ нь, эдгээр үзүүлэлт оны эхэн үеийнхээ түвшинд буцаж очсон төдийгүй дөрөвдүгээр сарын 2-ны Д.Трампын шийдвэрээс хойш сар гаруйн хугацаанд хүлээсэн алдагдлаа буцаан нөхсөн гэсэн үг юм. Тарифын дайнаас болж мэдэгдэхүйц өсөөд байсан алтны үнэ 3.1 хувиар буюу унци нь 3223 ам.доллар болж буурсан байна.           

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.