Их Британи: Хүн амины хэргээр 38 жил хоригдсон эр цагааджээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-14
Их Британид эмэгтэй хүн хүчирхийлж амийг нь хөнөөсөн хэргээр шоронд 38 жил хоригдсон эр цагааджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Лондонгийн давж заалдах шатны шүүх 1986 оны наймдугаар сард Мерсисайд хотод гарсан хүн амины хэрэгт Питер Салливаныг буруутай гэж үзэн ял оноосон 1987 оны шүүхийн шийдвэрийг өчигдөр хүчингүй болгожээ. П.Салливан тухайн үед 21 настай байсан Дайан Синдал хэмээх эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. ДНХ-ийн шинэ нотлох баримт, хэргийн газраас цуглуулж хадгалсан эрэгтэй хүний үрийн шингэнд дахин шинжилгээ хийсэн нь түүнийхтэй таараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх комисс (CCRC) өнгөрсөн жил хэргийг шүүхэд буцаасан юм. Тухайн үед хохирогчийн биеэс авсан үрийн шингэнд ДНХ шинжилгээ хийх технологи байгаагүй ажээ. Шүүхээс гэмт хэрэгт нэгээс олон хүн оролцсон, мөн үрийн шингэний шинжилгээ сэжигтнийхтэй таараагүй гэдгийг онцлон "ДНХ-ийн шинэ нотлох баримтыг хүлээн зөвшөөрөх нь шударга ёсонд нийцнэ” гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 38 жил, 7 сар, 21 хоног шоронд хоригдсон Питер Салливаныг цагаатган сулласан бөгөөд Их Британид шүүхийн алдааны улмаас хамгийн олон жил ял эдэлж хэлмэгдсэн хүн болохыг нь хэвлэлүүд онцолсон байна. Шүүх хуралд шоронгоос цахимаар оролцсон П.Салливан цагаадсанаа сонсоод гараараа нүүрээ таглан уйлжээ. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан мэдэгдэлдээ "Надад үнэхээр азгүй явдал тохиосон. Нэгэнт өнгөрсөн хэрэг тул одоо надад уур уцаар, гуниг харууслын аль нь ч төрөхгүй байна. Харин цаашид хэрхэн амьдрах вэ гэдэгтээ л санаа зовж байна" гээд "Үнэн хэзээд чиний талд" гэсэн Библийн эшлэлээс дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.