images

Дональд Трампын худ Францад суух Элчин сайдаар томилогдов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-20


   АНУ-ын Сенат бизнесмэн Чарльз Кушнерийг Франц улсад суух Элчин сайдаар өнөөдөр батламжиллаа. 70 настай Ч.Кушнерийн хүү Жарэд Кушнер нь ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка Трампын нөхөр юм. Үл хөдлөх хөрөнгийн салбарт нэлээд цуутай бизнесмэн Ч.Кушнер татвараас зайлсхийсэн, гэрчийн мэдүүлгийг өөрчлүүлэх хэргээр эрүүгийн хариуцлага хүлээсэн боловч 2020 онд тухайн үед ерөнхийлөгч байсан Д.Трамп өршөөл үзүүлсэн билээ. Өнгөрсөн 11 дүгээр сард Ч.Кушнерийг Франц улсад суух Элчин сайдаар томилох саналтай байгаагаа Д.Трамп зарлахдаа түүнийг “Чарльз бол бизнесийн гарамгай удирдагч, буяны өгөөмөр үйлстэн, авьяаслаг зуучлагч” хэмээн хэлсэн юм. Тавдугаар сарын 1-нд Сенатад болсон анхны хэлэлцүүлгийн үеэр парламентын гишүүд түүний үйлдсэн гэмт хэргийн талаар асуухад Ч.Кушнер “Миний алдаа 20 жилийн өмнийн явдал. Гэхдээ өнөөдөр би та нарын өмнө суучихаад өөрийгөө арван хуруу тэгш хүн гэж хэлэхгүй. Өндөг шиг өөгүй хүн би биш. Би маш ноцтой алдаа хийж явсан хүн, түүнээсээ болж амсах юмаа ч хангалттай их амссан” хэмээн хэлжээ. Ч.Кушнерийн хэрэгт хяналт тавьж байсан прокурор, Нью Жэрси мужийн захирагч асан Крис Кристи түүний хэргийн талаар нэгэнтээ хэлэхдээ “Олон зуун хэрэг шалгахдаа үүн шиг жигшүүрт хэрэгтэй цөөхөн таарсан” хэмээн хэлж байв. Сенатын санал хураалтад 96 гишүүн оролцсоноос 51 нь Ч.Кушнерийг Франц улсад Элчин сайдаар томилохыг зөвшөөрсөн санал өгсөн байна.             

Гэрэл зургийн эх сурвалж: AP photo

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.