images

Австрали: Ээжийнхээ дурсгалд зориулж 3800 км замыг 35 хоногийн дотор туулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-21


   Их Британийн холын зайн гүйлтийн тамирчин Уильям Гүүдси өдөрт 100 км гүйж, Австрали тивийг 35 хоногийн дотор туулан дээд амжилт тогтоов. BBC агентлагийн мэдээлснээр, тэрбээр өнгөрсөн сарын 15-ны өдөр Перт хотын Коттеслоу эргээс гараагаа эхэлж, энэ сарын 19-ны өдөр Сиднэй хот хүртэлх нийт 3800 км замыг 35 хоногт дуусгасан байна. Үүнээс үзвэл У.Гүүдси өдөрт дунджаар 100 км зам туулжээ. Энэ нь 2023 онд Австралийн иргэн Крис Төрнбуллын тогтоон Гиннесийн номд бичигдсэн 39 хоногийн амжилтаас дөрөв хоногоор богино хугацаа юм. У.Гүүдси энэ амжилтаа баталгаажуулан Гиннесийн номд бүртгүүлэхээр төлөвлөж байна. Тэрбээр "Эхэндээ үнэхээр хэцүү байсан. Амьдралын минь хамгийн хүнд даваа мэт санагдаж байлаа. Гэвч бие махбод, оюун санааны хувьд хатуу чанга байж, бууж өгөхгүйг өөртөө амлаж явсаар ард нь гарлаа" гэжээ. Өөрийгөө сорьж ийнхүү холын замд гүйх бодитой шалтгаан түүнд байсан байна. 2018 онд ээж нь хорт хавдраар өөд болсны дараа дурсгалыг нь хүндэтгэж, мөн хорт хавдрын судалгаанд мөнгөн хандив цуглуулахаар тэрбээр марафонд гүйж эхэлсэн байна. Энэ удаагийн гүйлтээрээ У.Гүүдси дэлхий дахинд уриалга гаргаж, хорт хавдрын эмчилгээ, судалгаанд зориулж 250 мянган доллар цуглуулжээ. "Шантрах үедээ ээж минь хорт хавдартай хэрхэн тэмцэж байсныг санаж, бас ээжтэйгээ хамт байна гэж бодож явлаа” хэмээн ярьсан түүний аяллыг олон нийтийн сүлжээгээр дэлхий даяар шууд дамжуулсан бөгөөд сүүлийн таван км замд хүмүүс хамт гүйж, барианд ороход олон зуун дэмжигч нь угтан авч баяр хөөрийг нь хуваалцсан байна. Өмнө нь тэрбээр АНУ-ын Лос-Анжелесаас Нью-Йорк хүртэл 5000 км замыг 55 хоногт туулж, бас Их Британийн 48 мужийн нутгийг дамжсан марафон гүйлтэд оролцож байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.