Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ээждээ зориулж хөшөө босгов
Хөдөөгийн баясгалан
2025-05-23
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өөрийн төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Хоолойн бууц гэдэг газар "Тэнгэр ээж минь өршөө" дууныхаа хөшөөг босголоо. Тэрбээр дарьганга уртын дууны олон улсын наадмыг зохион байгуулахаар нутагтаа очоод байгаа бөгөөд хөшөөнийхөө нээлтийг өчигдөр хийхдээ нутгийн иргэд болон Ардын жүжигчин А.Нэргүй, Дарьганга сумын уугуул, морин хуурч Ч.Батсайхан, Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Г.Хонгорзул, Нансалмаа, Хорлоо, С.Цогтсайхан нарыг урин оролцуулжээ. Ээжийнхээ дурсгалыг мөнхлөхөөр олон жил бодож явсан хүслээ ийнхүү биелүүлснээ нээлтийн үеэр Ш.Чимэдцэеэ хэлж "Сүмбэр Алтан овоо" дууг уртын дуучидтай, "Тэнгэр ээж минь өршөө" дуугаа "Увертюра" хамтлагтай хамтран дуулжээ. "Тэнгэр ээж минь өршөө" дууны шүлгийг Ш.Чимэдцэеэ ээждээ зориулан бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайхан хөгжмийг нь бичсэн билээ. Дарьганга уртын дууны олон улсын наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болно. Наадамд дөрвөн орны 99 уртын дуучин бүртгүүлсэн бөгөөд уралдаанаас гадна дууны үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын тухай эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болох юм. Наадамд Ардын жүжигчин Ч.Шархүүхэн тэргүүтэй дуучид, эрдэмтэн судлаачид оролцож байна. Сүхбаатар аймгийнхан дарьганга уртын дуугаараа алдартай учир үүнийг дуучин Ш.Чимэдцэеэ олон улсад таниулахаар уг наадмыг санаачилжээ.
Гэрэл зургийг Н.Намнандорж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.