Сиднейн дуурийн театрт Морин хуурын чуулгыг тоглуулах талаар ярилцав
Чихэнд чимэгтэй
2023-02-27
Монгол улсаас Австрали улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн Сиднейн дуурийн театрын арга хэмжээ, борлуулалт хариуцсан захирал Жэйн Блэйквэллтэй өнгөрсөн баасан гарагт уулзлаа. Энэ уулзалтаар Улсын филармонийн Морин хуурын чуулгыг тус театрт тоглуулах тухай ярилцсан байна. Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Турк, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тогложээ. Харин өнгөрсөн хугацаанд тус чуулгынхан Австралид тоглолт хийж байгаагүй бөгөөд тус театрт тоглолтоо хийхээр болбол Сиднейн дуурийн театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болох юм. Тавин жилийн түүхтэй уг театр нь орчин үеийн барилга архитектурын шилдэг бүтээлд тооцогддог бөгөөд 2007 онд Дэлхийн өвийн жагсаалтад багтсан билээ. Барилгын зураг төслийг 1918 онд төрсөн Данийн иргэн Йорн Утзон гаргасан юм. Тэрбээр 1956 онд Сиднейд үндэсний дуурийн театр барих төслийн олон улсын уралдаанд оролцож шалгарснаар 1959 онд барилгын ажлыг эхлүүлжээ. Гэвч 1966 онд ерөнхий архитекторын албан тушаалаасаа бууснаар түүний ажлыг архитектор Питер Холл гүйцээсэн байна. Улмаар 1973 оны аравдугаар сард театрыг нээхэд ёслолын ажиллагаанд Хатан хаан хоёрдугаар Элизабэт оролцож байв. Уг театрыг 2012 онд Австралийн алдарт дуурийн дуучин Жоан Сазэрлэндийн нэрэмжит болгосон бөгөөд тэрбээр анх 1974 онд уг театрт тоглож байжээ. Энэ театр нийт 5738 хүний суудалтайгаас 2679 нь тоглолтын танхимынх, 1507 нь драмын театрынх юм. Нийт 183 метр урт, 120 метр өргөн, 1.8 га талбай бүхий энэ театр дэлхийн томоохон дуурийн театруудын нэг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.