Далайг хамгаалах олон улсын хэлэлцээрийг батлахаар болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-06
НҮБ 15 гаруй жил хэлэлцсэний эцэст далай тэнгисийг хамгаалах Олон улсын далайн хэлэлцээрийг батлахаар болжээ. AFP агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын Далайн асуудал эрхэлсэн элчин сайд Лена Ли НҮБ-ын хэлэлцээрийг эцэслэн шийдсэн тухай мэдэгдсэн байна. Гэрээний зорилго нь 2030 он гэхэд дэлхийн далай тэнгисийн 30%, тэр дундаа задгай тэнгисийг тусгай хамгаалалттай газар нутаг болгох замаар экосистемийг хамгаалах явдал ажээ. Далайн тусгай хамгаалалттай газар нутгуудад загас барих, тээвэрлэх, далайн гүнд ашигт малтмал олборлох зэрэг хүний үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Гэрээний албан ёсны эх хараахан гараагүй байгаа ч дэлхийн далай тэнгисийн биологийн олон янз байдлыг хамгаалах шинэлэг арга хэмжээ гэж үнэлэгдэж байна. Гэрээнд халим, яст мэлхий зэрэг ховордсон амьтдын амьдрах орчныг хамгаалахаар тусгагдсан байна. Олон улсын байгаль орчныг хамгаалах “Greenpeace” байгууллагын тэргүүн Лора Меллор уг гэрээг баталсныг "Байгалийг хамгаалах түүхэн өдөр" хэмээн сайшаажээ. НҮБ далай тэнгисийн экологийг хамгаалахын тулд далай хамгаалах тухай гэрээ байгуулахыг санал болгосоор ирсэн ч гишүүн орнуудын үзэл бодлын зөрүүтэй байдлаас болж өнөөг хүртэл хойшлогдож иржээ. Энэхүү хэлэлцээрээс өмнө батлагдсан Далай тэнгисийг хамгаалах тухай олон улсын гэрээ бол 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц юм. Гэвч уг гэрээнд ашигт малтмал олборлох талаар тодорхой заалт байхгүй, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тусгаагүй учраас хуучирсан гэж үздэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.