Боловсролын сайд Австрали дахь айлчлалын сүүлийн өдрөө Монгол сургуульд зочлов
Чихэнд чимэгтэй
2023-03-10
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд Австрали улсад айлчиллаа. Тэрбээр Австралийн Үндэсний их сургууль, Сиднейн их сургууль, Монашийн их сургууль зэрэг нийт 17 их сургууль, гурван техник мэргэжлийн сургуулийн төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийжээ. Мөн хэд хэдэн их сургууль, техник мэргэжлийн сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, Уоллонгийн их сургуульд докторын түвшинд суралцах хоёр монгол оюутанд бүрэн тэтгэлэг олгохоор болсон байна. Австралийн Флиндерс их сургууль монгол оюутнуудад сургалтын төлбөрийн 20 хувийн хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдсэн бол зарим их сургуулиуд 2+2, 3+1 хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Сайд үргэлжлүүлэн Австралийн парламентын доод танхимын ерөнхийлөгч Сью Лаянз, Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нарт бараалхаж, Австрали-Монголын парламентын бүлгийн дарга Таня Лоуренстой уулзсан байна. Улмаар Австралийн Канберрагийн их сургуулийн Ерөнхийлөгч Падди Никсонтой уулзаж, хоёр улсын их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Харин өнөөдөр Сидней дэх Монгол сургуульд зочилж, сургуулийн удирдлага, багш нарын санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа илэрхийлж, үүсгэн байгуулагч Э.Оюумааг Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичгээр шагнасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.