Бельги улс Африкийн эртний олдворуудыг буцаан өгнө
Анд нөхдийн мэдээ
2023-03-20
Бельги улс колоничлолын түүхээ дуусгаж, Африктай харилцах харилцааны шинэ хуудас нээлээ хэмээн “The Times” сонин мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар, тус улс Төв Африкийн Конго улсаас олон арван жилийн өмнө хүч түрэн авсан эртний олдворуудыг буцааж өгөх талаар хэлэлцээ хийж байгаа ажээ. Олдворуудыг буцааж өгөхөд Бельгийн Брюссель хотод байрладаг Төв Африкийн хааны музейн цуглуулгаас 84 мянга орчим үзмэрт гол анхаарал хандуулж байна. Африкийн хааны музей гэдэг нь 1885-1908 онд Бельгийн хаан II Леопольдийн колоничлолд байсан Конго улсын түүхээр үзэсгэлэнгийн танхим болгон 1910 онд байгуулсан музей юм. Олдворуудыг буцаан олгох ажлыг тус музейн захирал Барт Обри удирдан явуулах ажээ. Тэрбээр "Колоничлолоос ангижрах нь зөвхөн олдворуудыг буцааж өгөх төдий биш өнгөрсөн түүх, өнгөрсөн үетэй харьцах арга зам, нэг төрлийн эвлэрлийн үйл явц" гэж онцлон тэмдэглэв. Өмнө нь Бельгийн парламент тус улсын колоничлолын түүхтэй холбоотой эд зүйл, ховор үзмэрийг шилжүүлэн өгөх боломжтой гэж үзэн олдворуудыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль гаргасан юм. Олдворуудыг буцааж өгөх үйл явцыг шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн түүхэн хүчин чармайлт гэж үзэх ёстой гэж Б.Обри онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.