Фүжи уулын дэлбэрэлтээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг өөрчилжээ
Анд нөхдийн мэдээ
2023-03-30
Японы Фүжи галт уулын дэлбэрэлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөлийг уулын зэргэлдээ орших гурван мужийн удирдах газраас байгуулжээ. Энэ удаа шинэчлэн боловсруулсан, гамшиг тохиосон үед нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний онцлог нь оршин суугчдыг явганаар нүүлгэн шилжүүлэх заалт юм. Өмнө нь тээврийн хэрэгслээр нүүлгэн шилжүүлэх тухай заасан байсан ч замын түгжрэлээс болж саатахаас сэргийлж төлөвлөгөөг өөрчилжээ. Энэ талаар тус зөвлөл мэдээлэхдээ “Огцом уруу биш, налуу газрын лавын урсгалын хурдыг алхаж яваа хүнтэй ойролцоо хурдтай байна гэж үзсэний дүнд дээрх заалтыг оруулсан” гэжээ. Түүнчлэн галт уулын дэлбэрэлтийн шинж тэмдэг илэрвэл оршин суугчдыг түргэн шуурхай нүүлгэн шилжүүлэх үүднээс явган аялагчдыг татан оролцуулахаар шийдвэрлэсэн байна. 3776 метр өндөр Фүжи уул сүүлийн 5600 жилийн хугацаанд 180 орчим удаа дэлбэрсний 96 хувь нь бага түвшнийх гэж үздэг ажээ. Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн сүүлчийн дэлбэрэлт 1707 онд болсон байна. Уулын нүүлгэн шилжүүлэлтийн бүсэд 800 мянга орчим оршин суугч амьдардаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.