Якутыг төмрийн хогноос салгана
Анд нөхдийн мэдээ
2023-04-06
ОХУ-ын Алс Дорнод дахь Якут улсын нутагт хуучин ЗХУ-ын үеэс үлдсэн төрөл бүрийн төмрийн хаягдлыг цэвэрлэх томоохон ажиллагаа явуулж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр тус улсын эрх баригчид болон иргэний байгууллагууд хамтран "Цэвэр Арктик" төслийн хүрээнд тус нутгаас 310 гаруй тонн төмрийн хаягдал түүж цэвэрлэсэн ажээ. Одоогийн байдлаар хуучин ЗХУ-ын үеэс хуримтлагдсан зэвэрсэн төмөр торх, ган хавтан, хоолой, трансформатор, радиатор зэрэг ихээхэн хэмжээний төмрийн хаягдал Якутын бүс нутаг даяар тархсан байна. Тухайлбал, хуучин цэргийн нисэх онгоцны буудал зэрэг байгууламжууд байрладаг Хойд туйлын тойрогт илүү их байдаг аж. Судалгаагаар Арктикийн бүс нутгийн 13 дүүргийн 500 мянга орчим ам метр талбайд 4.5 сая гаруй тонн төмрийн хаягдал байгаа болохыг тогтоожээ. Ялангуяа далайн эрэг хавиар ихээр хуримтлагдсан эдгээр хаягдал байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж тус нутгийн оршин суугчид хариу арга хэмжээ авахыг шаарджээ. Үүний дагуу 2021 оноос Арктикийн тойргийн таван бүс, тэр дундаа Усть-Янский зэрэг төмрийн хаягдал ихтэй бүс нутагт “Цэвэр Арктик” төслийг эхлүүлсэн байна. Улмаар төслийн хүрээнд 2024 он гэхэд тус бүс нутгаас 100 мянга орчим тонн төмрийн хаягдал цуглуулж цэвэрлэхээр төлөвлөөд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.