images

Польш улс Украинд найман ширхэг МиГ-29 онгоц нийлүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-06


     Украины дайн эхэлснээс хойш анх удаа Польш улсад айлчилсан ерөнхийлөгч Владимир Зеленский бүх талын дэмжлэг үзүүлж буй хөршдөө талархаж буйгаа илэрхийлэн "Польш бол жинхэнэ дотнын найз" гэж хэлсэн байна. Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда өчигдөр Варшав хотод В.Зеленскийтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийж тус улс Украинд найман ширхэг МиГ-29 онгоц нийлүүлсэн тухайгаа мэдэгджээ. Тэрбээр "Өнгөрсөн сард дөрвөн онгоцыг Украины зэвсэгт хүчинд хүлээлгэн өгсөн. Сая үлдсэн дөрвөн онгоцыг өгөөд байна. Зургаан онгоц нь засвар үйлчилгээ хийгдэж байгаа бөгөөд удахгүй хүлээлгэн өгнө" гэсэн байна. Польшоос гадна Словак улс одоогоор дөрвөн МиГ-29 онгоцыг Украинд нийлүүлээд байна. Ерөнхийлөгч Дуда "Польш бол Украинд үзүүлэх цэргийн тусламжийн хэмжээгээр АНУ, Их Британийн дараа ордог гурав дахь том түнш юм. Бидний дэмжлэг цаашид ч үргэлжлэх болно" гэж  амласан байна. Улмаар "Бид ирэх долдугаар сард Литвад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины цэргийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг багтаасан аюулгүй байдлын нэмэлт баталгааг гаргахаар ажиллаж байна. Бид та бүхнийг бүх чадлаараа дэмжих болно" гэж тэр нэмж хэлжээ. Ерөнхийлөгч В.Зеленский польшуудад хандан "Украинчуудыг халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Украин улс үүнийг хэзээ ч мартахгүй" гэжээ. НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын мэдээлснээр, өнгөрсөн сарын эцэс гэхэд 10 сая гаруй украинчууд Польшийн хилээр нэвтэрчээ. Мөн Польшид 1.5 сая Украины дүрвэгсэд амьдарч байгаа аж. В.Зеленский өнөөдөр үдээс хойш тус улсын ерөнхий сайд Матеуш Моравецкитэй уулзахаас гадна Польшийн Сенат болон Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзахаар төлөвлөсөн байна. Үүний дараа тэрбээр Украины дүрвэгсдэд туслах байгууллагуудын төлөөлөлтэй уулзах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.