Дональд Трамп: Дахин сонгогдсон бол Ким Жон Унтай цөмийн асуудлаар тохиролцох байсан
Анд нөхдийн мэдээ
2023-04-17
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хэрвээ дахин сонгогдсон бол Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай цөмийн асуудлаар тохиролцоонд хүрэх байсан гэжээ. Тэрбээр энэ сарын 14-ний өдөр хэвлүүлсэн “Трампад ирсэн захидлууд” номдоо энэ тухай өгүүлсэн бөгөөд “Хэрэв 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд будилаан ороогүй бол би ямар ч эргэлзээгүйгээр Ким Жон Унтай цөмийн зэвсгийн асуудлаар тохиролцоонд хүрэх байсан” гэсэн байна. Улмаар “Тэр тохиролцоход бэлэн байсан. Тэрхүү тохиролцоо биелсэн бол дэлхий нийтийн төлөө хийсэн хамгийн сайхан үйлс болох байсан” гэжээ. Мөн "Өмнөд Солонгос, Хятад, Оросын дунд оршдог Хойд Солонгос нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийн бизнест үүнийг гайхамшигтай байршил гэж нэрлэдэг" гэсэн бөгөөд "гайхамшигтай байршил" гэсэн үгийг том үсгээр онцлон тэмдэглэсэн байна. Түүний энэхүү номд АНУ-ын улс төрчид, алдартнууд, гадаадын удирдагчдаас хүлээж авсан 150 захидал багтсан бөгөөд Ким Жон Уны 2018 оны дөрөвдүгээр сарын 1, тавдугаар сарын 29, долоодугаар сарын 6, долоодугаар сарын 30, хамгийн сүүлд 12 дугаар сарын 25-ны өдөр илгээсэн захидлууд багтсан байна. Мөн Трампын өөрийн 2018 оны дөрөвдүгээр сарын 1, тавдугаар сарын 24, 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Ким Жон Унд илгээж байсан захидлууд ч оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.