images

Чулуу дарсаар жинхэнэ дэгдээхэйтэй болсон бүргэд

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-24


     АНУ-ын өмнөд хэсэгт орших Оклахома муж дахь шувуу хамгаалах газарт амьдардаг Мэрфи нэртэй эр бүргэд саяхнаас цахим ертөнцөд нэрд гараад байгаа тухай “New York Times” сонин мэдээлжээ. 31 настай Мэрфиг нэг нас хүрээгүй, далавчиндаа бэртэл авсан байхад нь амьтан хамгаалагчид олж энд авчирчээ. Тэрээр өнгөрсөн сарын 8-ны өдрөөс эхлэн үүр засаж, дотор нь өндөгний хэлбэртэй бөөрөнхий чулуу хийгээд улмаар тэрхүү өндгөн чулуугаа дарж эхэлсэн байна. Шувуу хамгаалах газарт эм бүргэдтэй нэг ч удаа таарч үзээгүй, улмаар эцэг болох гэж чулуу дарсаар байсан Мэрфи саяхан “жинхэнэ эцэг” болжээ. Учир нь саяхан болсон шуурганд эхийгээ алдсан бүргэдийн дэгдээхэйг байгаль хамгаалагчид олж тус байранд авч ирсэн байна. Ажилтнууд Мэрфи болон өнчин дэгдээхэй хоёрыг ижилсүүлж нэг ам бүл болгож чадсан бөгөөд одоо тэр жинхэнэ аавын үүрэг гүйцэтгэж, дэгдээхэйд бүхнээ зориулж байна. Гэхдээ энэ хооронд багахан бэрхшээл тулгарч байжээ. Мэрфи дарж байсан чулуугаа жинхэнэ өндөг гэж үзэн хүн ойртуулдаггүй, ажилтнууд ойртох үед маш түрэмгий догшин авир гаргах болжээ. Улмаар ажилтнууд хяналтын камерын бүрэн ажиглалтан дор бүргэд, дэгдээхэй хоёрыг нэг байранд оруулжээ. Мэрфи эхэндээ дэгдээхэйгээс болгоомжилж, зай барьж байсан ч аажмаар ойртсоор түүний аманд идэх юм хийж яг л эцэг шиг хандаж эхэлснээр барахгүй нөгөө дарж байсан чулуугаа ч орхисон байна. Одоо тэд яг л эцэг хүү хоёр шиг элэгсэг дотно аж төрж байна. Энэ явдлын тухай цахим орчинд нийтэлснээр маш олон  хэрэглэгчид талархлын үгс илгээжээ. Түүгээр ч үл барам Мэрфи, дэгдээхэй хоёрын зурагтай футболк хийснийг хүмүүс маш олноор авсан байна. Мөн гэрэл зурагчид ирж тэдний зургийг авчээ. Бүр энэ тухай кино хүртэл хийгдэх сурагтай байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.