АНУ-ын загас агнуурын тэмцээний аваргын амжилтыг хүчингүй болгов
Анд нөхдийн мэдээ
2023-06-28
АНУ-д болсон загас агнуурын тэмцээнд 280 кг жинтэй аварга том цэнхэр марлин загас барьж тэргүүн байр эзэлсэн “Sensation” багийн амжилтыг хүчингүй болгожээ. Учир нь уг загасны сүүлийг акул гэмтээсэн нь тогтоогдсон байна. Арга хэмжээг зохион байгуулагчид “Цэнхэр марлин загас акулд хазуулан аль хэдийнэ бэртэж, хүчээ алдаж, барьж авахад хялбар болсон байсан” гэж үзжээ. Амжилтыг нь хүчингүй болгосон багийнхан үүнийг эсэргүүцэн шүүхэд хандахаар бэлтгэж байна. CNN агентлагийн мэдээлснээр, Хойд Каролина мужийн Морхед хотод "Big Rock Marlin Tournament" тэмцээн энэ сарын 9-нөөс 10 хоногийн турш зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээн нь жил бүрийн зургаадугаар сард болдог загас агнуурын хамгийн том тэмцээн ажээ. Энэ тэмцээнд амжилт гаргахын тулд барьсан ан нь хамгийн багадаа 180 килограм жинтэй, биеийн тойрог нь ойролцоогоор 28 сантиметр байх ёстой аж. Жин ихтэй байх тусам зэрэглэл өндөр байх ба жин нь ижил байвал биеийн тойрог, уртын хэмжээ зэргээр шалгаруулдаг байна. Тэмцээнд оролцох төлбөр нь багийн хэмжээнээс хамааран 2500-20000 доллар байх ба нийт шагналын сан 5,85 сая доллар хүрдэг ажээ. Тэргүүн байрын амжилт хүчингүй болсноор дэд байрт шалгараад байсан “Сүши” багийг аваргаар тодруулсан байна. “Sensation” баг 2019 онд энэ тэмцээний аварга болж байжээ. Тэд “Бид аваргын титмээ бусдад булаалгасан юм шиг санагдаж байна" гээд, шүүхэд гомдол гаргах бодолтой байгаагаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.