Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын их хурал болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-06-28
“World News Media Congress” байгууллагаас зохион байгуулдаг 2023 оны Дэлхийн хэвлэл мэдээллийн их хурал Тайваний Тайбэй хотноо өнөөдөр нээлтээ хийлээ. Тус хурал жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид нэг дор цуглардаг олон улсын хурал юм. Хурал анх 2013 онд Тайландын Бангкок хотноо зохиогдсоноос хойш 10 жилийн дараа Ази тивд дахин зохион байгуулагдаж байна. Тус улсын “United Daily News” групптэй хамтран зохион байгуулсан энэ удаагийн хуралд дэлхийн 57 орны 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 900 орчим хүн оролцож байна. Тус байгууллагын ерөнхийлөгч Фернандо де Ярза чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Дэлхий даяар авторитар засгийн газруудын мэдээллийн цензурын тогтолцоо нь сэтгүүлчдийн үг хэлэх боломжийг хааж, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл дарагдаж, олон сэтгүүлч нийтлэл бичсэнийхээ төлөө шоронд хоригдож байна" гээд цаашид ардчилал, эрх чөлөө, холбооныхоо үзэл баримтлалыг хамтдаа дэмжихийг уриалав. Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн мөн тус хуралдаанд илтгэл тавьж, ардчилсан нийгэм дэх зөрчилдөөний гол шалтгаан нь буруу ташаа, хуурамч мэдээ болохыг дурджээ. Улмаар тэрбээр "Хиймэл оюун ухаан хөгжиж байгаа энэ үеийн хамгийн том сорилт бол үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ худал мэдээлэлтэй тэмцэх явдал юм" гэжээ. Мөн энэ өдөр “Эрх чөлөөний алтан үзэг-2023” шагналыг гардууллаа. Энэ жилийн шагналыг Ираны эмэгтэй сэтгүүлчид 36 настай Элахе Мохаммади, шоронд хоригдож байгаа 30 настай Нилуфар Хамеди нар хүртжээ. Тус шагналыг Ираны сэтгүүлчид дөрөв дэх удаагаа авч байгаа ажээ. Эдгээр сэтгүүлчид өнгөрсөн оны есдүгээр сарын 13-нд Засгийн газрын хатуу хяналтыг эсэргүүцэж байсан эмэгтэй цагдаагийн газарт хоригдож байхдаа нас барсан тухай дэлгэрэнгүй мэдээлсэн бөгөөд үүнийхээ төлөө одоо хоригдож байгаа юм. “Эрх чөлөөний алтан үзэг” шагнал нь тус байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад олгодог шагнал юм. Өнгөрсөн жил Польшийн өдөр тутмын “Gazzetta Vivorza Foundation” сонин болон “Gazzetta Viborza Foundation” байгууллагад Зүүн Европ, Украины сэтгүүлчдийг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн уг шагналыг хүртээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.