Эзнийгээ төрөхөд нохой нь тусалжээ
Анд нөхдийн мэдээ
2023-07-04
Их Британийн Милтон Кэйни их сургуулийн эмнэлэгт өнгөрсөн тавдугаар сард Амий Томпкинс гэдэг аутизмтай, сэтгэл түгших эмгэгтэй эмэгтэй амаржжээ. Тэрбээр “Staffordshire bull terrier” үүлдрийн Бэлл нэртэй сургуультай туслагч, хоёр настай, эм нохойтой юм. Нохой нь А.Томпкинстой хамт эмнэлгийн хүлээн авах, эрчимт эмчилгээ, кесарво хагалгааны дараах төрөх өрөөнд байсан бөгөөд төрөх өрөөнд нохойг нь оруулах санааг эх баригч эмч нь гаргажээ. Учир нь, эмэгтэйг жирэмсэн байхад нохой эзэндээ яаж тусалж байсныг мэдэх учраас энэ шийдвэрийг гаргасан байна. Нохойг тус өрөөнд оруулахаас өмнө эзнийгээ өвдөж байхад ямар хариу үйлдэл үзүүлж, сорилтыг яаж даван туулж байгааг нь хянаж эрсдэлийн үнэлгээ өгчээ. Тэгэхэд Бэлл нохой эзэндээ сайн тусалж байсан тул тус эмнэлгийн халдвар хяналтын багийнхан нэмэлт цэвэрлэгээ хийж, төрөх өрөөнд байгаа бүх хүний аюулгүй байдлыг нь хамгаалахаар урьдчилан сэргийлж ажилласан байна. Улмаар Бэлл нохой эзнийгээ өвдөх, сэтгэл нь тогтворгүй болох үед дэргэд нь хэвтэж эзнийгээ дэмжжээ. Энэ тухай эзэн нь “Тэр миний эргэн тойронд олон юм тохиолдож байхад анхаарлаа төвлөрүүлэхэд тусалсан” гэсэн юм. Мөн нохой нь туслагч нохойн ажлаараа Үндэсний шилдэг болж байгаад туйлын бахархаж байгаагаа хэлсэн байна. Түүнчлэн эх баригч эмч Мэлиса Дэвис “Тэр маш тайван, хайр татам нохой. Бэлл бүх алдар нэрийг хүртэх эрхтэй” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.