В.Путин “Вагнер”-ын бослогын үеэр Москвагаас зугтсан уу?
Анд нөхдийн мэдээ
2023-07-06
Өнгөрсөн сарын 24-нд Оросын хөлсний цэргийн “Вагнер групп-ын тэргүүн Евгений Пригожиний үүсгэсэн бослого самууны үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвагаас гадагш зугтсан гэсэн мэдээлэл Барууны хэвлэлд гарчээ. “Newsweek” сэтгүүлийн 5-ны өдрийн дугаарт мэдээлснээр, Оросын тэрс үзэлтэн Михаил Ходорковский бослогын талаар тус сэтгүүлд ярихдаа "Бид тэр үед В.Путины байрлалын талаар тодорхой мэдээлэл авч байсан бөгөөд тэр үнэхээр Москвагаас гарч явсан. Валдай руу очсон байх магадлал өндөр" гэжээ. Түүний хэлснээр В.Путины онгоц тухайн үед Москвагаас хөдөлж, баруун хойд зүгийг чиглэн явж байгаад Валдай орчимд хяналтаас гарч илрэхээ больсон байна. Валдай бол Москвагаас баруун хойш 400 км зайд орших газар юм. “Newsweek” сэтгүүл “Flight Radar24” маршрут хянагч сайтаас эш татсан Оросын "Current Time"-ын мэдээнд үндэслэн В.Путины суусан "Илюшин IL-96" онгоц өнгөрсөн сарын 24-ний өдрийн 14:16 цагт Москвагаас хөөрч явсаар 14:39 цагт Валдайн ойролцоо Тверь хотын орчимд хяналтаас гарсан тухай мэдээлжээ. Тус самууны үеэр зөвхөн В.Путин төдийгүй Оросын Засгийн газрын дээд албан тушаалтан хэд хэдэн хүн Москвагаас дүрвэсэн гэж М.Ходорковский хэлэв. Өдгөө төрийн мэдэлд байдаг ЮКОС хэмээх газрын тосны компанийг үүсгэн байгуулсан М.Ходорковский нэгэн цагт Оросын хамгийн баян хүн байсан ч ерөнхийлөгч В.Путинтэй зөрчилдсөний улмаас татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэргээр 10 жил хоригдсоны эцэст 2013 оны арванхоёрдугаар сард суллагдсан юм. Тэрбээр одоо Английн Лондон хотод амьдардаг бөгөөд В.Путиныг мөн л шүүмжилсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.