АНУ ЮНЕСКО-д дахин элсэв
Анд нөхдийн мэдээ
2023-07-26
АНУ-ын тэргүүн хатагтай өнгөрөгч даваа гарагт Парист очиж, мягмар гарагт ЮНЕСКО-гийн хуралд оролцлоо. Улмаар АНУ таван жилийн дараа албан ёсоор тус байгууллагад дахин нэгдсэнээр 194 дэх гишүүн орон нь болов. АНУ нь ЮНЕСКО-г анх байгуулалцсан орны нэг боловч тус улсын гадаад бодлого уг байгууллагын зорилготой улам бүр нийцэхгүй болсны улмаас 1984 онд гишүүнээсээ татгалзсан юм. Улмаар 20 шахам жилийн дараа буюу 2003 онд Жорж Бушийн засаглалын үед гишүүнчлэлээ сэргээсэн билээ. Тэгвэл Израиль улсыг буруушааж, Палестиныг дэмжсэн удаа дараагийн тогтоол, шийдвэрүүдийг нь эсэргүүцсэний тэмдэг болгож 2018 онд Дональд Трампын засаг захиргаа ЮНЕСКО-гоос тус улсыг дахин гаргасан түүхтэй. Энэ удаа тус байгууллагад эргэн элсэх АНУ-ын хүсэлтийг долоодугаар сарын эхээр Парист болсон ЮНЕСКО-гийн тусгай чуулганаар хэлэлцээд олонхын саналаар хүлээж авсан юм. Санал хураалтад гишүүн 193 орны 142 нь оролцсон бөгөөд ОХУ, Беларусь, Иран, Хойд Солонгос, Никарагуа, Хятад улсууд эсрэг санал өгчээ. АНУ ийнхүү ЮНЕСКО-д дахин элссэнээр Жо Байден тус байгууллагад төлөх өр, татварт зарцуулах 150 сая долларыг 2024 оны улсын төсөвт суулгаж өгөх хүсэлтийг Конгресст гаргаад байна. ЮНЕСКО-д төлөх АНУ-ын нийт өр одоогоор 619 сая доллар болоод байгаа бөгөөд энэ өр төлөгдвөл үйл ажиллагаандаа жилд ойролцоогоор 534 сая доллар зарцуулдаг тус байгууллагын санхүүд дорвитой нэмэр болох юм. Хамгийн сүүлд гишүүнчлэлээсээ татгалзахын өмнө АНУ ЮНЕСКО-гийн жилийн төсвийн 22 хувийг дангаараа үүрдэг байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.