images

АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудыг хувьцааны арилжаанд оролцохыг хориглох хууль хэлэлцэнэ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-07-28


   АНУ-ын хоёр нам хамтран Конгрессын гишүүд, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалын өндөр албан тушаалтнууд болон тэдний төрөл төрөгсөд хувьцааны арилжаанд оролцохыг хориглосон хуулийг хэлэлцэх талаар "Reuters" агентлаг мягмар гарагт мэдээллээ. Ардчилсан намаас сонгогдсон сенатор Кирстен Гиллибранд энэ сарын эхээр тус хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа тэрбээр Бүгд найрамдах намын сенатор Жош Хоулитай хамтарч "Төрийн албан тушаалтнуудын хувьцааны арилжааг хориглох тухай хууль"-ийг албан ёсоор хэлэлцүүлэхээ зарласан байна. Энэхүү шинэ хууль Конгрессын гишүүд болон тэдний ажилтнуудын мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох, их хэмжээний ашиг олохтой тэмцэх зорилготой арван жилийн турш хэрэгжиж байсан хуульд (STOCK) түшиглэх ажээ. Хоёр сенаторын өргөн барьсан хуулийн төслийн хураангуйд дурдсанаар "Их хэмжээний мөнгөн дүнтэй" эсвэл "Онцгой шинж чанартай" хэрэгт нэмэлт  шийтгэл ногдуулж болно гэжээ. Харин хууль тогтоомжийг хэзээ хороогоор хэлэлцэх, энэ жилийн аль үед сенатад хэлэлцүүлж, санал хураалт явуулахыг одоогоор зарлаагүй байна.

   Мөн уг хууль тогтоомжийн дагуу Вашингтоны албан тушаалтнууд цалингийн нөхөн олговор, татварын буцаан олголтыг эс тооцвол холбооны засгийн газраас буцалтгүй тусламж, зээл, гэрээ болон бусад төлбөр хүлээн авах бүртээ тайлан гаргах ёстой. Улмаар хөрөнгийн биржийн тухай хуулийн дагуу гүйлгээний тайлан гаргаж өгөөгүй тохиолдолд торгуулийг одоогийн 200 доллароос 500 доллар хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хураангуйд АНУ-ын Дээд шүүхийн шүүгчдийг хувьцааны арилжааны хоригт оруулах тухай дурдаагүй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.