Өмнөд Солонгос: Оюутнуудын бүтээсэн хагас дамжуулагчийг үйлдвэрлэх үйлчилгээ эхлүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-07-28
Өмнөд Солонгосын Шинжлэх ухааны яам засгийн газрын санхүүжилтээр одоо суралцаж буй болон төгссөн оюутнууд хамтран өөрсдөө загварыг нь гаргаж, туршиж, алдааг нь илрүүлж бүтээсэн хагас дамжуулагчаа баталгаажуулах, үйлдвэрлүүлэх боломжтой “My Chip” үйлчилгээ эхлүүлжээ. Үүний зорилго нь залуу мэргэжилтнүүдийн дижитал төхөөрөмжийн өндөр технологийн дизайн, үйлдвэрлэлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, ирээдүйн чип мэргэжилтэнд ажлын туршлага олгож, чип технологийг хөгжүүлэх ажээ. Харин оюутнуудын бүтээх чип буюу жижиг хэмжээтэй санах ойг тус улсын Электроник, харилцаа холбооны судалгааны хүрээлэн, Сөүлийн үндэсний их сургууль, Дэгү Кёнбүкийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн лабораторид хийх гэнэ. Ингэхдээ оюутнуудад 500 нанометр металлын оксидын хагас дамжуулагч үйлдвэрлэх, савлах үйлчилгээ үзүүлэх ажээ. Энэ үйлчилгээнд хагас дамжуулагчийн мэргэжилтэй хүмүүс хамрагдах хүсэлтэй бол наймдугаар сарын 1-ээс 30-ны хооронд өргөдөл илгээх боломжтой. Ингээд өргөдөл илгээгчид мэргэжилтнүүдтэй ярилцаж, өөрийн хийхийг хүссэн хагас дамжуулагчийн загварыг 11 дүгээр сарын 15-ны дотор өгснөөр ирэх оны дөрөвдүгээр сард бүтээгдэхүүн нь үйлдвэрээс гарах юм. Энэ жил нийт 25 баг шалгаруулж бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэх бол 2024-2025 онд 150, 2026 оноос хойш 300 гаруй баг шалгаруулах ажээ. Энэ талаар тус улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн сайд И Жун-Хо “Энэ үйлчилгээ оюутнуудад үнэ цэнтэй туршлага болно” гэсэн байна. Мөн Өмнөд Солонгосын засгийн газар жилийн өмнө чип үйлдвэрлэгчидтэй хамтран ирэх арван жилийн хугацаанд 150 мянга гаруй хагас дамжуулагчийн мэргэжилтэн бэлтгэнэ гэж амлажээ. Тиймээс “Samsung Electronics”, “SK hynix” компаниудад ажиллах боловсон хүчин бэлтгэхээр "Samsung" групп “Yonsei", “Sungkyunkwan”, “Korea”, “Pohang” их сургууль, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн дэвшилтэт хүрээлэнтэй хамтарч хагас дамжуулагчийн мэргэжилтэн бэлтгэх курс нээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.