Эх үрсийн баяраар ээжгүй охиндоо онцгой бэлэг барьсан тайланд эр
Анд нөхдийн мэдээ
2023-08-18
Тайландын 48 настай Жой гэгч эр эмэгтэй хүний хувцас өмсөн өргөмөл охиныхоо сургууль дээр ирж “Эх үрсийн баяр”-ын арга хэмжээнд оролцсон нь олны сэтгэлийг ихээр хөдөлгөжээ. Тэрбээр охиноо багад нь өргөж авсан бөгөөд хоёулхнаа амьдардаг ажээ. Эх үрсийн баяраар ээжгүй охин нь сэтгэл санаагаар унах вий гэж санаа зовон ийм үйлдэл хийснээ ярьж “Эх үрсийн баяраар ээжүүд бэлэг өгөх ёстой. Би ч бас охиндоо ээж болж чадна шүү дээ” хэмээн охиндоо бэлэг өгч буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Бичлэгт гарснаар урт хиймэл үс хийж, эрээн хээтэй даашинз өмссөн аавыгаа охин нь тэвэрч, аав нь охиныхоо духан дээр үнссэн бөгөөд энэ хором цахим ертөнцөд олны талархлыг хүлээж байна. Бичлэгийг үзсэн цахим хэрэглэгчид "Үнэхээр хайр татам юм", "Чи бол миний охиныхоо бүх зүйл нь", "Үүнийг хайр гэдэг" гэх мэтээр сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байна. Жой хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Охин бид хоёр Эх үрсийн баяраар юу хийх талаар ярилцсан. Охиноо бусдад гадуурхагдахыг би хүсээгүй” гээд, өөрөө төрсөн аав нь биш ч охиноо сайн сайхан явахад бүхнээ зориулна гэдгээ хэлсэн байна. Жойгийн охин нь "Аавынхаа энэ үйлдэлд маш баяртай байна. Үүнээс огт ичээгүй. Аав минь миний хамгийн дотнын хүн" гэжээ. Тус улсад сургууль дээр болдог "Эх үрсийн баяр"-ын арга хэмжээ нь ээжгүй хүүхдүүдэд хүндээр тусдаг гэсэн шүүмжлэл байнга гардаг. Үүнээс болж зарим сургууль энэ өдрийг тэмдэглэхээ больсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.