images

Герман: Халдлагад өртсөн орос сэтгүүлчийн хэргийг сэргээн шалгаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-21


  ОХУ-ын Украин руу хийсэн түрэмгийллийг шүүмжилсэн Оросын тэрс үзэлтэн сэтгүүлчийг Германд хордуулсан гэх мэдээлэл гараад байна. Их Британийн өдөр тутмын "Guardian" сонины мэдээлснээр, Оросын хараат бус "Новая газета" сонины сурвалжлагч Елена Костученко өнгөрсөн оны гуравдугаар сард Украины Мариуполь хотод сурвалжлага хийж явахад нь "Орос улс түүнийг хөнөөх гэж байна" гэсэн мэдээллийг аван Германы Берлин рүү даруй дүрэвсэн байна. Түүнээс хойш тэрбээр Берлинд сууж байгаад дайны тухай сурвалжлага хийхээр Украины виз авах гэж өнгөрсөн оны аравдугаар сард Мюнхенд очжээ. Дараа нь Берлин рүү буцах замд галт тэргэнд явахад нь түүний толгой хүчтэй өвдөх, сульдах, амьсгал давчдах, дотор муухайрах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн үеийн шинж тэмдгүүдийн талаар Е.Костученко "Ялзарсан жимснээс гардаг шиг сонин үнэр хөлснөөс гарч байсан" гээд дараа нь нүүр болон хөл, гарын хуруунууд нь хавдсан тухай ярьжээ. Эхний шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоногийн дараа тэрбээр эмнэлэгт үзүүлсэн бөгөөд шинжилгээний хариуд элэгний ферментийн хэмжээ хэвийн хэмжээнээс тав дахин их гарсан аж. Германы хуулийн байгууллага өнгөрсөн тавдугаар сард түүний амь насанд халдахыг завдсан байж болзошгүй хэмээн сэжиглэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн ч нотлох баримт дутмаг байсан тул мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоожээ. Гэтэл өнгөрсөн сард дахин сэргээн шалгаж эхэлсэн байна. Берлиний төв дэх цэцэрлэгт хүрээлэнд орос алуурчинд буудуулан амь насаа алдсан Чечений дүрвэгч Зелимхан Хангошивилигийн аллагыг өмнө нь мөрдөж байсан Германы туршлагатай мөрдөгч Е.Костученкогийн хэргийг мөрдөж байна. Нью-Йоркт төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах байгууллага (CPJ) Германы эрх баригчдаас Е.Костученкогийн амь насанд халдах оролдлого хийсэн гэх мэдээллийг ил тод шалгахыг хүссэн юм. CPJ-ийн ажилтан "Орос сэтгүүлч Е.Костученког Германд хордуулсан гэх мэдээлэлд бид маш их санаа зовж байна. Герман улс сэтгүүлчийн амь насыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ гэж найдаж байна” гэжээ. Е.Костученко 2011 онд Казахстаны баруун хэсгийн нефтийн тосгонд болсон жагсаалын үеэр 14 жагсагч цагдаа нарын гарт амиа алдсан хэрэг явдлыг сурвалжилсныхаа төлөө “Европын сэтгүүлчдийн шагнал” хүртэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.