images

Канадын шадар сайд машин жолоодон хурд хэтрүүлээд торгуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-24


   Канадын шадар сайд бөгөөд Сангийн сайд Кристиа Фриланд хурдны зам дээр хурд хэтрүүлснийхээ төлөө торгуулсан байна. Тэрбээр өөрөө энэ тухайгаа хүлээн зөвшөөрч "Би хурд хэтрүүлж торгуулсан нь үнэн. Дахиж ийм явдал гаргахгүй” гээд уучлал гуйжээ. Шадар сайд Альберта мужийн Гранд Прейри хурдны зам дээр машин жолоодож яваад цагдаа нарт саатуулагдсан бөгөөд түүнийг 110 км/цагийн хурдны хязгаартай бүсэд 132 км/цаг хурдтай давхиж явсныг сануулж 273 канад долларын торгууль ногдуулсан тухай телевизийн мэдээгээр нэвтрүүлжээ. Тэрбээр Альберта мужийн захирагч зэрэг орон нутгийн албаны хүмүүстэй хамт ой хээрийн түймрээс нүүлгэн шилжүүлж буй иргэдтэй уулзалт хийж явсан байна. К.Фриландын хурд хэтрүүлсэн тухай мэдээ олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа түүний ажлын алба ч мөн үүнийг хүлээн зөвшөөрч торгуулиа бүрэн төлсөн тухай мэдэгджээ. Шадар сайдын машин жолоодож хурд хэтрүүлсэн асуудал онцгой анхаарал татаж олны шүүмжлэлд өртөөд байна. Учир нь тэрбээр нүүрстөрөгчийн татвар, шатахууны үнийн өсөлт зэрэг эдийн засгийн бодлоготой холбоотой маргаан дунд өөрөө автомашин эзэмшдэггүй гэж мэдэгдэж байсан ажээ. Улмаар ихэвчлэн метронд сууж, эсвэл явган алхах, дугуй унахыг илүүд үздэг гэдгээ хэлж байжээ. Засгийн газраас энэ явдалд тайлбар хийж түүнийг төрийн өндөр албан тушаалтны хувьд хэзээ ч машинд сууж зорчих боломжтой хэмээн онцолж сөрөг хүчнийхний шүүмжлэлийг няцаажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.