Дональд Трамп: Би АНУ болон Хойд Солонгосын хооронд цөмийн дайн дэгдэхээс сэргийлж чадсан
Анд нөхдийн мэдээ
2023-08-24
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өчигдөр "Би Ким Чен Унтай сайн харилцаа тогтоож, АНУ-ыг цөмийн дайны аюулаас хамгаалж чадсан" гээд хэрэв Хиллари Клинтон ерөнхийлөгч болсон бол Америк, Умард Солонгосын хооронд цөмийн дайн гарах байсан тухай өгүүлжээ. Ирэх оны арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Бүгд найрамдах намаас рейтингээрээ нэгдүгээрт бичигдсэн Д.Трамп өчигдөр болсон ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мэтгэлцээнд оролцоогүй бөгөөд харин нэвтрүүлэгч Такер Карлсонтой урьдчилж бичсэн ярилцлагаа мэтгэлцээний цагаар нийтэлжээ. Уг ярилцлагадаа тэрбээр дээрх агуулга бүхий зүйл яриад улмаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын томоохон удирдагчидтай найрсаг харилцаа тогтоож, Хойд Солонгостой цөмийн дайн хийхээс сэргийлж чадсан тухайгаа дурджээ. Мөн 2018 онд Өмнөд Солонгост болсон Олимпын наадамд Хойд Солонгосыг оролцуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тухайгаа онцолсон байна. Мөн мэтгэлцээнд яагаад оролцоогүй талаарх асуултад тэрбээр "Яагаад би 1-2 хувийн рейтингтэй хүмүүсийн бүдүүлэг асуултад дарамтлуулах ёстой юм бэ?” хэмээн хариулсан байна. Одоогийн ерөнхийлөгч Жо Байдены талаар Д.Трамп “Жо ирэх арваннэгдүгээр сар хүртэл тэсэхгүй байх. Тэр бие махбодоосоо илүү оюун санааны хувьд муу байгаа бололтой” гэж хариулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.