images

Чингис хааныг 3000 хүүхэдтэй гэжээ

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2023-08-24


   Их Британийн хамгийн том телевизийн нэг “Sky TV түүхэн контент бэлтгэн үзэгчдэд хүргэдэг “History сувгаараа дэлхийн түүхэнд хамгийн олон хүүхдийн эцэг болсон хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын есдүгээрт буюу хамгийн олон хүүхэдтэй хүнээр Чингис хааныг нэрлэсэн байна. Их төлөв нь улс орны хаад болох тэдгээр хүмүүсийн жагсаалтыг сонирхуулахад доорх байдалтай:

1. Английн хаан төрийг 1100-аас 1135 он хүртэл барьсан Хэнри I тус улсын түүхэнд хамгийн олон хүүхэдтэй хаан ажээ. Хатан нь гурван хүүхэд төрүүлсэн боловч хааны нууц хүүхэд лавтайяа 24 байсан нь баримттай зүйл гэнэ.

2. Мормон шашинтны удирдагч, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн хоёр дахь тэргүүн, АНУ-ын Юта мужийн анхны захирагч Бригэм Янгийн нийт 50 эхнэрийн 16-аас 56 хүүхэд гарчээ. Мормоны сүм олон эхнэртэй байх явдлыг 1890 онд албан ёсоор буруушаасан боловч амьдрал дээр энэ нь тэдний дунд түгээмэл үзэгдэл байв.      

3. Ромын эзэнт улсын бүрэлдэхүүнд XVI зуунд байсан Кливз хэмээх жижиг улсын ван Иоханн II албан ёсны гурав, гэр бүлээс гадуур 66 хүүхэдтэй байснаараа түүхэнд “Хүүхэд хийдэг” хэмээн нэрд гарчээ.

4. Израилийн их хаан Соломоны хүү Ренобоам 18 эхнэр, 60 татвар эмтэй байжээ. Хуучин гэрээнд бичсэнээр тэрбээр 88 хүүхэдтэй байв.

5. Эртний Энэтхэгийн алдарт Ашока хааны хүү Биндусарагийн 16 эхнэрээс 101 хүүхэд гарсан гэнэ.

6. 1574-1595 онд Османы эзэнт гүрний султан байсан Мурад III 130 хүүхэдтэй байжээ. Түүний хүү Мэхмэд III хаан ширээнд суумагцаа хамгийн түрүүнд хийсэн ажил нь гэвэл эцэг нэгтэй 19 ах дүү, 20 эгч дүүгээ нэг дор хөнөөж устгасан явдал байв. Хаан ширээг нь булаацалдах болуужин хэмээн ингэсэн гэнэ.  

7. Эртний Египетийн хамгийн агуу фараон Рамзес II хаан ширээнд 66 жил суужээ. Түүхэнд бичсэнээр тэрбээр 170 хүүхэдтэй байсны 111 нь хүү, 59 нь охин байв.

8. Мароккогийн хаан Исмаиль ибн Шариф  1672-1727 онд 55 жил хаан суухдаа 1042 хүүхэдтэй болсныг Гиннесийн номд тэмдэглэсэн буй. Гэвч сүүлийн үеийн судалгаа энэ тоог 1171 болгож нэмэгдүүлсэн юм. Тэрбээр хүүхэд “хийхдээ” сайн байгаад зогсохгүй улс орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөж, бүтээн байгуулалт ихийг хийж, газар нутгаа түлхэн тэлснээрээ эх түүхэндээ алдаршсан хаан юм.  

9. Чингис хааныг 3000 хүүхэдтэй байсан гэж, энэ нийтлэлийг бэлтгэсэн сэтгүүлч Жэймс Бригдэн үзжээ. “Чингис хааныг 1000 гаруй хүүхэдтэй байсан гэх боловч сүүлийн үеийн судалгаагаар энэ тоо 3000 байх боломжтой” гэж тэрбээр бичсэн байна. Өнөөдөр дэлхий дээр Чингис хааны ДНХ-г тээсэн хүн даруй 16 сая байна хэмээн сэтгүүлч мөн дурджээ.        

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.