Ерэн настай эмээ 70 жилийн өмнө өндгөн дээр бичсэн зурвасаа олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-28
АНУ-ын Айова мужид амьдардаг 92 настай эмээ одоогоос 70 гаруй жилийн өмнө нэгэн өндгөн дээр наргиа болгон зурвас бичиж үлдээсэн бөгөөд тэрхүү өндгөө саяхан олж авчээ. Тэрбээр 1951 онд буюу одоогоос 72 жилийн өмнө Айова мужийн Форест хотод өндөгний фермд ажиллаж байхдаа наргиа болгон нэгэн өндгөн дээр үлдээсэн зурвастаа "Хэрэв хэн нэгэн энэхүү өндгийг олж авбал надад хариу бичнэ үү. Айова мужийн Форест хотын мисс Мэри Фосс. 1951 оны дөрөвдүгээр сарын 2" гэж бичжээ. Тухайн үед өндгийг 12 ширхэгээр савлан Нью Йорк хот руу худалдаанд гаргадаг байсан бөгөөд Нью-Йорк хотын хүнсний дэлгүүрээс сагс өндөг худалдаж авсан нэгэн эр зурвас бүхий нөгөө өндгийг олоод дурсгал болгон хадгалсан байна. Улмаар 20 гаруй жилийн өмнө байшингаа цэвэрлэж байхдаа түүнд туслахаар ирсэн хөрш Жон Амальфитанод нөгөө өндгөө өгчээ. Ж.Амальфитано сониуч зандаа хөтлөгдөн Мэри Фоссыг олохыг оролдсон боловч амжилтанд хүрсэнгүй. Харин саяхан тэрбээр хуучин бараа бүтээгдэхүүн борлуулдаг нэгэн Фэйсбүүк групп дээр нөгөө өндөгний зургаа нийтэлж "Энэ бол маш ховор өндөг. 1951 оных бөгөөд чулуужсан ч байж магадгүй” гээд өндгөн дээрх зурвасыг мөн танилцуулжээ. Мөн “Холын холд суудаг хэн нэгэнтэй найзлахыг мөрөөддөг байсан Айова дахь өндөгний фермийн ажилчин бүсгүйн хүслэн. Тэр одоо амьд сэрүүн эсэхийг мэдэхгүй байна. Түүнийг би олох гэж хичээсэн ч олж чадсангүй" гэсэн тайлбар хавсаргажээ. Энэхүү зураг нь цахим орчинд маш хурдан тархаж өндгөн дээрх зурвасын эзний эрэлд гараад байсан Амальфитано удалгүй Мэри Фоссын охинтой холбогдсон байна. Мэри Фосс эмээ хэвлэлийнхэнтэй уулзахдаа инээмсэглэн "Би бараг мартах шахсан байна. Тэр өндөг одоог хүртэл хадгалагдаж байсанд үнэхээр гайхаж, сэтгэл хөдөлж байна" гэжээ. Улмаар тэрбээр 70 гаруй жилийн өмнө Нью-Йорк тийш худалдаанд гарсан өндөгтэйгөө дахин учирсан нь хонжворт сугалаанд хожсонтой ижил санагдаж байгаагаа хэлсэн байна. Тэгээд ”Миний бичгийн ур чадвар тэр үеийнхээс бүр илүү сайжирсан” хэмээн хошигноод, хөргөгчнөөсөө нэгэн өндөг гарган ирж дээр нь нэрээ бичиж харуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.