images

111 насалсны нууц: Зүгээр сууж болохгүй, үргэлж хөдөлгөөнтэй бай

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-28


   Өнгөрөгч бямба гарагт Австрали улсын хамгийн өндөр настай иргэн Катерина ван дер Линден 111 насны төрсөн өдрөө тэмдэглэж, урт насалж, аз жаргалтай амьдарч буй нууцаа хэвлэлд хуваалцжээ. Ингээд К.Линден “Би ядарсан үедээ ч өөрийгөө хүчилж, чамд өмнө нь байсан эрч хүч одоо ч байгааг мэдрэхийн тулд ямар нэг юм хийх хэрэгтэй гэж боддог” хэмээн ярьсан байна. Учир нь, тэрбээр 111 настай ч одоог хүртэл тогтмол бялдаржуулах төвд явж, дугуй унаж, холын зайд алхдаг нэгэн юм. Тэрбээр энэ тухайгаа “Би одоо ч тогтмол 10 минут дугуй унадаг” гэжээ. Түүнийг ийнхүү нас дээр гарсан ч хөдөлгөөнтэй амьдардгийг ойр тойрныхон нь биширч, түүнээс үлгэр дуурайлал авдаг гэнэ. Тухайлбал, түүний амьдардаг “West Beach” хотхоны менежер К.Линденийг эрүүл наслалтын үлгэр жишээ гэжээ. Мөн “Тэр бялдаржуулах төвд дасгал хийх үнэхээр дуртай. Долоо хоногт 2-3 удаа бялдаржуулах төвд явдаг” гэсэн байна. К.Линден 1912 оны наймдугаар сарын 26-нд Нидерландад төрсөн бөгөөд зөвхөн австрали төдийгүй хамгийн өндөр настай голланд хүн аж. Харин 2022 онд К.Линдений гэр бүлд "Та Австралийн хамгийн өндөр настай иргэн боллоо" гэсэн и-мэйл ирж байжээ. Тэрбээр 1955 онд нөхөртэйгөө хамт Австралид цагаачаар ирж усан үзэм түүгч, асрагч, бичгийн машин дээр шивэгч, бичиг хэргийн туслах зэрэг төрөл бүрийн ажил хийсэн гэнэ. Дөрвөн хүүхэд төрүүлсэн тэрбээр 10 ач, зээ, 15 ачинцар, зээнцэртэй. Түүний өндөр насалж буйн тухай том охин Мариэлла Хокинг “Ээж 100 гаруй насалсан нь бусад хүмүүс сонсоход гайхамшигтай зүйл боловч манай гэр бүлийнхний хувьд гайхах зүйл биш” хэмээн ярьжээ. Учир нь ээжийнх нь эгч 110 нас хүрээд өөд болсон гэнэ. Харин К.Линден аз жаргалтай, урт удаан амьдарч байгаа нууцаа “Заримдаа бүх зүйл муу, заримдаа бүгд сайхан байдаг ч та сайн, муу аль алийг нь амьдралдаа зэрэг авч явдаг тул амьдралаа илүү хөгжилтэй болгож болно" гээд "Зүгээр сууж болохгүй, үргэлж хөдөлгөөнтэй бай” гэж зөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.