images

ОХУ-ын байгалийн гамшгийн сэргээн босголтод Хойд Солонгосын иргэд оролцов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-28


   Ойрын үед тасралтгүй орсон ширүүн борооны улмаас байшин барилга, авто зам ихээр үерт автсан ОХУ-ын Алс Дорнодын Приморийн хязгаарт Хойд Солонгосын иргэд сэргээн босгох ажилд оролцсон тухай "Риа Новости" агентлаг мэдээлэв. Тус агентлаг “Усархаг борооны улмаас лаг шавар, нурангид дарагдсан Уссурийскийн төв захыг сэргээн засварлах ажилд Приморийн хязгаарт амьдардаг Хойд Солонгосын иргэдээс бүрдсэн сайн дурынхан оролцов” гэж мэдээлжээ. Владивосток дахь орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр тус сэргээн босгох ажилд оролцсон хүмүүс нь 2020 онд цар тахлын улмаас хил хаагдахад нутаг буцаж амжилгүй Приморийн хязгаарт үлдсэн Хойд Солонгосын ажилчид ажээ. Одоогийн байдлаар тус бүс нутагт 2000 орчим хойд солонгос ажилчид байгаа бөгөөд тэдний олонхид Оросын Засгийн газар оюутны виз олгосон байна. Цар тахлын улмаас хилээ хаасан Хойд Солонгосын “Air Koryo” компанийн зорчигч тээврийн онгоц өнгөрсөн 25-ны өдөр Владивосток  руу нислэг хийжээ. Владивостокийн олон улсын нисэх онгоцны буудалд гурван цаг орчим саатсаны эцэст Пёнян руу буцсан онгоцонд ОХУ-д үлдсэн оршин суугчид болон бусад хүмүүс байсан ажээ. Приморийн хязгаарт сүүлийн хоёр долоо хоногт орсон аадар борооны улмаас үүссэн нийт хохирлыг 7 тэрбум рубль гэж тооцоолсон бөгөөд одоогоор тус бүс нутагт онц байдал зарлаад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.