Перу улсаас гурван мянган жилийн өмнөх санваартны булш олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-29
Өмнөд Америкийн Перу улсын хойд хэсэгт орших түүхэн дурсгалт газраас 3000 жилийн өмнө амьдарч байсан санваартны булш олджээ. Уг булш олдсон өндөр уулын археологийн бүсийг “Пако Пампа”-гийн түүхэн дурсгалт газар гэдэг бөгөөд энэ удаад олдсон шарилыг энэхүү нэрээр "Пако Пампагийн элч" хэмээн нэрлэсэн байна. Тус улсын Соёлын яам энэ тухай хийсэн мэдэгдэлдээ “Энэ удаад олдсон шарил нь хар шороотой хольсон зургаан давхар үнсэн дор оршуулсан эрэгтэй хүний шарил бөгөөд авсан дотор элит санваартнуудын хэрэглэж байсан тамга, дардас зэрэг дурсгалт зүйл олдсон” гэжээ. Мөн булшин дотроос олдсон хоёр тамганы нэгэнд нь зүүн тийш харсан хүний царай, нөгөөд баруун тийш харсан цоохор ирвэс дүрсэлсэн байжээ. Археологийн багийн ахлагч Юүжи Сэки хэлэхдээ “Булш нь 3 метрийн диаметртэй, 1 метрийн гүнтэй ер бусын том булш байсан” гэжээ. Улмаар "Энэхүү нээлт нь маш чухал ач холбогдолтой. Учир нь булшны эзэн хойд Андын нурууны сүмүүдийг удирдаж байсан анхны санваартан нарын нэг болох нь батлагдсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.