images

Австри: 700 хүнтэй тосгонд өдөрт 10 мянган жуулчин ирдгийг эсэргүүцэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-29


   Австрийн аялал жуулчлалын алдартай газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Халштатт тосгонд аялал жуулчлалыг эсэргүүцсэн томоохон жагсаал болжээ. Жуулчдын хөлд хэт их дарагдсанаас болж нутгийн иргэдийн тав тух алдагдаж байгаа талаар жагсагчид гомдоллосон бөгөөд өдөрт ирэх жуулчдын тоог хязгаарлаж, 17 цагаас хойш аяллын автобусыг зогсоохыг шаардсан тухай ВВС мэдээлэв. Халштатт бол Альпийн нурууны бэлд байрладаг тосгон бөгөөд уул ус, ой мод зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Түүнээс гадна дэлхийн анхны давсны уурхай нээгдэж байсан, мөн Европ дахь төмөр зэвсгийн үеийн эртний соёл болох "Халштаттын соёл"-ын өлгий нутаг гэдгээрээ түүхэн үнэ цэнтэй нутаг бөгөөд үүгээрээ 1997 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн байна. Аялал жуулчлалаараа орон нутгийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр болдог ч үүний учруулсан хохирол мөн их байгааг нутгийн иргэд хэлж байна. Тус тосгонд 700 орчим оршин суугч байдаг атал оргил ачааллын улиралд өдөртөө 10 мянга гаруй жуулчин ирдэг ажээ. Сүүлийн үед дэлхийд алдартай аялал жуулчлалын газрууд жуулчдаас учирсан хохирлыг багасгах янз бүрийн зохицуулалт хийх тохиолдол гарч байна. Саяхан Хорватын Дубровник хотод дугуйтай аяны цүнх түрж явахыг хориглосон журам гарч байв. Хайрган хучилттай гудамж зам нь тус газрын онцлог бөгөөд ийм зам дээр олон хүн дугуйтай аяны цүнх түрж, чирч явахад асар их дуу дуу чимээ гардаг тул дээрх журмыг гаргасан байна. Мөн Индонезийн Бали арал ч ирэх жилээс эхлэн гадаадын жуулчид тус бүрээс 10 долларын хураамж авахаар болсон юм. Энэ нь жуулчдын тоо ихэссэнээс болж хог хаягдал нэмэгдэн байгаль бохирдож буйн улмаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.