images

“Foxconn” компанийн эзэн Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-29


   Тайванийн бизнесмэн, “Foxconn” үйлдвэрийг үүсгэн байгуулсан Тэрри Гоу Тай-мин 2024 оны нэгдүгээр сарын 13-нд болох Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөхөө өчигдөр мэдэгдлээ. Уг сонгуульд дөрвөн хүн нэр дэвшиж байгаа юм. Тэрбумтан Тэрри Гоугийн өрсөлдөгчид нь одоогийн дэд ерөнхийлөгч, Ардчилсан дэвшилт намын Лай Чин-тэ, Тайванийн ардын намын Ко Вэн-жэ, Гоминдан намын Хоу Юү-и нар ажээ. Тэрри Гоу бие даан нэр дэвшихээ зарлахаас өмнө буюу наймдугаар сарын дундуур явуулсан урьдчилсан санал асуулгаар дэд ерөнхийлөгч 37-42 хувийн саналаар илүүрхэж, түүний араас 25-28 хувийн санаар Ко Вэн-жэ удаалсан юм. Харин Тэрри Гоуг оруулсан санал асуулгын үр дүнд Лай тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдэж, бусад нэр дэвшигчдийн санал хуваагджээ. Тухайлбал, Ко 16-17, Хоу 15-16, Гоу 12 хувийн санал авав. Үүнийг улс төрийн шинжээчид "Тайванийн иргэд Ардчилсан дэвшилт намыг дахин дэмжихийг хүсч байгаа юм биш. Гагцхүү өрсөлдөгчид нь саналыг хувааж байна. Энэ хандлага цаашид ч хэвээр байх болно" гэж тайлбарлав. Иймээс Лай Чин-тэтэй өрсөлдөхийн тулд нөгөө гурван өрсөлдөгч нь нэгдэх хэрэгтэй гэж үзэж буй хүмүүс цөөнгүй байгаа гэнэ. Харин Тэрри Гоуг сонгуульд өрсөлдөхөө зарласны дараа Гоминдан нам албан ёсны Фэйсбүүк хуудастаа түүний нэрийг дурдаагүй боловч “Хэрэв бид ижил үнэт зүйлтэй бол хамтарч болно” хэмээн нийтэлсэн байна. Тайванийн ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд Хятадын иргэд “Лай сонгуульд ялбал хоёр улс энх тайвнаар эргэн нэгдэж чадна” гэж үзэж байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.