images

Чили: Ээж, хүү хоёр 42 жилийн дараа анх удаа уулзав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-29


   Чилийн нийслэл Сантьяго хотын эмнэлэгт одоогоос 42 жилийн өмнө Мариа Ангелика Гонсалес гэдэг эмэгтэй хүү төрүүлжээ. Гэвч бие султай төрсөн хүү нь төрөнгүүтээ инкубаторт байсан аж. Гэтэл нэг өдөр М.Гонсалесийг эмнэлгийн ажилчид "Эмнэлгээс гар" гэхэд нь инкубатораас хүүгээ авахаар очвол "Хүү чинь өөд болсон. Шарилыг нь хэдийнэ устгасан" гэсэн байна. Харин хүүг хууль бусаар америк гэр бүлд үрчлүүлснийг ээж нь мэдэлгүй өнгөрчээ. Азаар хүү нь энэ оны дөрөвдүгээр сард "Nos Buscamos” ашгийн бус байгууллагад хандсанаар Чилийн Валдивиа хотод амьдардаг ээжийгээ олж, өнгөрсөн долоо хоногт гэрт нь очиж уулзлаа. Хүүг Жимми Липпэрт Тайдэн гэдэг бөгөөд “Nos Buscamos” ашгийн бус байгууллагын тусламжаар багадаа гадаадад үрчлүүлсэн нэгэн хамаатнуудтайгаа уулзсан тухай нийтлэл олж уншжээ. Улмаар өөрийнхөө хамаатан садан, төрсөн эцэг, эхийг олох хүсэлт тус байгууллагад өгсөн байна. Ингээд Ж.Тайдэний үрчлүүлсний гэрчилгээ дээр нь "Хамаатан садангүй" гэж бичсэн байдаг нь худал болохыг олж мэджээ. Тэрбээр дөрвөн ч ах, дүүтэй болж таарсан бөгөөд өмнө нь огт харж байгаагүй ээжтэйгээ 42 жилийн дараа уулзлаа. Хүү өдгөө АНУ-ын Виржиниа мужид эрүүгийн хэргийн өмгөөлөгчөөр ажилладаг байна. Тэрбээр өөртэй нь ижил хууль бусаар үрчлүүлсэн хүмүүсийг өмгөөлөх ажил хийж, хууль бус үрчлүүлэлтийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа аж.

   Чили улсад 1970-1980 оны үед хууль бусаар хүүхэд үрчлүүлэх гэмт хэрэг өргөн дэлгэрчээ. “Nos Buscamos” байгууллагын тооцоогоор тухайн үед лав 10 мянга илүү хүүхдийг хууль бусаар гадаад руу үрчлүүлсэн байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүс гол төлөв ядуу, хуулийн мэдлэггүй эхчүүдийг золиос болгожээ. Харин тус байгууллага сүүлийн есөн жилд багадаа гадаадад үрчлүүлсэн 450 хүүхдийг төрсөн эцэг, эх, хамаатнуудтай нь уулзуулсан байна. Мөн хүүхдээ үрчлүүлсэн хүмүүс, гэмт хэргийн хохирогчдын ДНХ-г цуглуулжээ. Энэхүү ДНХ өгөгдлүүдийг "MyHeritage" санд хуримтлуулдаг бөгөөд энэ санд Ж.Тайдэний үеэлийн ДНХ байсан аж. Улмаар ДНХ-ийн шинжилгээ 100 хувь таарсан тэр эмэгтэй рүү үрчлүүлсний гэрчилгээгээ явуултал Мариа Ангелика Гонсалес гэдэг нэртэй хамаатан байдгаа хэлж, тэднийг холбож өгснөөр ээж, хүү хоёр уулзжээ.

Эх сурвалж: AP агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.