Их Британийн Гадаад хэргийн сайд Хятадад айлчилж байна
Анд нөхдийн мэдээ
2023-08-30
Их Британийн Гадаад хэргийн сайд Жэймс Клеверли Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар тус улсад айлчилж байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойш буюу сүүлийн таван жилийн хугацаанд Их Британийн дээд албан тушаалтнуудын өмнөд хөршид хийж буй анхны айлчлал болов. Өмнөд хөршийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "Айлчлалын үеэр Украины асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярина" гэж мэдэгдсэн юм. Харин тус улсын шинжээчид практик талаасаа илүү бэлгэдлийн шинжтэй уулзалт байх боловч хоёр улсын харилцааг сайжруулахад нөлөөлнө гэж үзэж байна. Тэгвэл Их Британийн Засгийн газрааас Ж.Клеверлиг "Кибер, олон улсын аюулгүй байдал, хүний эрхийн тухай ярилцана" гэжээ. Энэ айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар уулзах юм. Мөн Хятадын талаас Ж.Клеверлиг бизнес эрхлэгчидтэй уулзана гэж мэдэгдэв. Их Британийн хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард тус улстай ямар гурван зарчмыг баримталж харилцахаа зарласан билээ. Ингэхдээ нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдлаа Бээжингээс хамгаална, хоёрдугаарт, Энэтхэг-Номхон далайн бүсийн холбооныхонтой нөхөрсөг харилцаатай байж олон улсын хууль тогтоомжийг мөрдүүлнэ, гуравдугаарт, Хятадтай шууд харилцаж найрамдалт харилцаагаа тогтвортой байлгана хэмээн зарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.