Е.Пригожины бичсэн номын үнэ 1000 дахин өсчээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-30
Оросын хөлсний цэргийн “Вагнер” группын тэргүүн Евгений Пригожин онгоцны ослоор өөд болсон энэ цаг үед хориод жилийн өмнө түүний бичсэн хүүхдийн номын эрэлт огцом өсчээ. Тэрбээр 2003 онд "Индрагузик" нэртэй хүүхдийн ном бичсэнийг “Агат” хэвлэлийн газар эрхлэн гаргажээ. Хүү Павел, охин Полина хоёрынхоо дэмжлэгтэйгээр бичсэн энэ номоо тэрбээр охиныхоо 10 насны төрсөн өдөрт зориулан ердөө 1000 хувь хэвлээд хүмүүст бэлэглэх, дурсгал болгох зэргээр тарааж дуусгасан байна. Тухайлбал, Эрмитажийн захирал М.Пиотровский, Оросын музейн захирал В.Гусев, Киргизийн ерөнхийлөгч Аскар Акаев, алдартай зохиолч Даниил Гранин, морин хийлч Мстислав Ростропович нарт бэлэглэж байсан гэнэ. "Ерөнхийлөгчид бэлэглэж арай амжаагүй. Тийм бололцоо одоогоор олдоогүй байна. Гэхдээ түүний ойрын хүрээллийн хүмүүст энэ ном бий" хэмээн Е.Пригожин 2003 онд ярьж байжээ. Номын эхний хуудсанд Е.Пригожин эхнэр болон хүү, охиныхоо хамт авхуулсан зургаа нийтэлсэн байдаг. Түүний нас барсны дараа энэ номын үнэ огцом өссөн бөгөөд хуучин номын худалдааны нэг сайтад гэхэд л 3.6 сая рублийн үнэтэй байна. (Энэ нь монгол мөнгөөр 98.8 сая төгрөг болно. Ред.) Хэвлэлүүдийн мэдээлснээр бол номын үнэ анхныхаасаа 1000 дахин өссөн нь энэ гэнэ. "Энэ ном зөвхөн Оросын улс төрийн элитүүдэд л байдаг ховор ном болсон. Цуглуулагчдын хувьд бүр ч ховор эд" гэж нэгэн номын худалдаачны хэлснийг Оросын хэвлэлүүд эш татжээ. Уг зохиолд, театрын таазны гэрлийн суурь дотор амьдардаг одой хүү Индрагузик, түүний эгч Индрагуза нарын тухай өгүүлнэ. Индрагузик нэг өдөр гэрлийн сууринаасаа унах бөгөөд буцаж гэртээ орохоор тэмцэх явцдаа янз бүрийн хүмүүс, адал явдалтай учирна. Тухайлбал, бие нь гэнэт жижгэрч асар өчүүхэн болоод улсаа захирч чадахаа байсан нэгэн хаан гарч ирнэ. Индрагузик нөхдийн хамтаар хааныг бүр алга болгочихгүй гэж шидэт лимбэ үлээн буцааж томруулсанд тэр нь хэтрээд хаан үлэмж биетэй болж шилтгээндээ багтахаа болино. Индрагузик мөн л тусалж түүнийг хүссэн хэмжээнд нь оруулна.
Ном зохион бичих сэдэл өгсөн хүмүүс нь түүний хүүхдүүд болох талаар Е.Пригожин нэгэн ярилцлагадаа хэлж байв. Хүүхдүүд нь түүнээс сонин юм ярьж өгөхийг их гуйдаг байсан бөгөөд амьдралдаа тохиолдсон явдлаас ярьж дуусаад сүүлдээ санаанаасаа зохиох болжээ. Улмаар Индрагузик хэмээх баатар, түүнд тохиолдсон адал явдал, бусад баатруудыг бодож олсон байна. Гол баатрын нэрийг охин Полина нь зохиожээ. Е.Пригожин завгүй байх үедээ санаанд орсон үйл явлуудыг дуу хураагуурт бичиж орой нь хүүхдүүддээ сонсгон санал солилцдог байв. Улмаар энэ бүхнээ нийлүүлэн ном болгосон нь энэ юм. Номын хавтсанд зохиогчийг дурдахдаа эцэг Пригожины нэрийг бус хүүхдүүдийн нэрийг буюу "Полина и Паша Пригожины" хэмээн бичжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.