images

Жо Байден ирэх сард Вьетнамд айлчилна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-30


   АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх сард Вьетнам улсад айлчилж тус улсын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фү Тронг, бусад удирдлагуудтай уулзахаар болсныг даваа гарагт Цагаан ордноос мэдээлэв. Тэрбээр Энэтхэгт болох “Их 20”-ын ээлжит хуралд оролцоод есдүгээр сарын 10-ны өдөр Вьетнамын нийслэл Ханой хотод нь нэг өдрийн айлчлал хийх ажээ. Улмаар есдүгээр сарын 11-нд ихэр цамхаг халдлагад өртсөний 22 жилийн ойн дурсгалыг тэмдэглэхээр эх орондоо ирэх гэнэ. Харин айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд технологийн салбарын өсөлт, боловсролын солилцоо, хоёр орны иргэдийн харилцаа, ажиллах хүчний хөгжүүлэлтийн хөтөлбөрүүд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх тухай ярилцана. Тус улсууд найрамдалтай харилцаатай болсны 50 жилийн ой энэ оны дөрөвдүгээр сард тохиосон юм. Улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Вьетнамд айлчилсан билээ. Мөн тус улсын Сангийн сайд Жанэт Йеллэн долоодугаар сард Ханойд айлчилсан юм. Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн жил хамгийн дээд хэмжээ буюу 138 тэрбум долларт хүрчээ. Түүнчлэн Вьетнам улс хэдийнэ дэлхийн үйлдвэрлэлд экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол төв болж чадсан билээ. Жишээ нь, тус улс Өмнөд Солонгосын LG, “Samsung Electronics”, АНУ-ын “Apple”, Японы “Honda”, “Toyota” компанийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч орон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.