images

“Барби хүүхэлдэйн байшин”-г нэг өдрийн 1700 доллараар түрээслүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-30


   АНУ-ын Висконсин мужийн зүүн хойд хэсэгт орших түүхт хот болох Хадсонд байрлах, бүхэлдээ ягаан өнгөтэй "Барби хүүхэлдэйн байшин" нэртэй байрыг саяхан 1.1 сая доллараар үнэлж худалдаанд гаргасан тухай NBC мэдээлэв. Уг байр нь 7 унтлагын өрөө, 4 угаалгын өрөө бүхий нийт 521 м2 талбайтай бөгөөд 1900 онд баригдсан байна. Байшингийн гадна болон дотор талыг бүхэлд нь ягаан өнгөөр ​​будаж, Барбигийн сэдэвтэй чимэглэл, тавилгуудаар чимэглэжээ. Үзэсгэлэнт Миссисипи голын эрэг дээр байрладаг бөгөөд ресторан, үзвэрийн газар, голын эрэг зэрэг хаашаа ч явсан явган явах боломжтой, зам харгуй сайтай нь уг байрны байршлийн нэг давуу тал гэнэ. Байрны эзэн Брук Флитвуд өнгөрсөн сард АНУ-д "Барби" киноны нээлтийн үеэр сонирхогчдод зориулж байшингаа ийм маягаар засварласан байна. Тэрбээр “Энэ байшинд Барбигийн чимэглэлээс гадна 123 жилийн өмнө баригдах үед суурилуулсан өнгөт шилэн цонх, модон хийцтэй дотоод засал, хоёр гал тогоо, усан бассейн зэрэг олон зүйл бий” гэжээ. Үл хөдлөх хөрөнгийн агент Женни Мартин "Энэ байшинг одоогоор зөвхөн түрээсийн зориулалтаар ашиглаж байна" гээд "Эзэн нь нэг хэсэгт нь амьдарч зарим хэсгийг нь хүмүүст түрээслэх боломжтой” гэжээ. Улмаар байр борлуулах зарыг Instagram-д байрлуулахад нэг өдрийн дотор 50,000 гаруй хүн хандаж 1400 гаруй сэтгэгдэл иржээ. Нэг өдрийн түрээсийн төлбөр нь 1700 доллар байгаа мөртлөө 11 дүгээр сарын 25 хүртэл захиалга дүүрсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.