Итали: Таван давхраас унасан хүүхдийг аварсан залууд ерөнхий сайд талархал илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2023-08-31
Италийн Турин хотод таван давхрын орон сууцны тагтнаас дөрвөн настай охин унахад овсгоо самбаа гарган тосож авсан 37 настай эр "ардын баатар" болсон тухай "Corriere della Sera" сонин мэдээлэв. Болсон үйл явдлын тухайд банкны ажилтан Маттиа Агучи 26-ны бямба гарагийн өглөө найз бүсгүйн хамт нарийн боовны дэлгүүр орохоор явж байтал амь тэмцэн хашгирах чимээ сонсогдсон байна. Дээш хартал орон сууцны тавдугаар давхрын тагтны ирмэг дээр жаахан хүүхэд мөлхөж, түүнийг олж харсан эсрэг талын байрны нэгэн хүн хашгирч байжээ. Агучи хүүхдийг доошоо буу гэж хашгирсан ч нэмэр болсонгүй. Найз бүсгүй нь хүүхдийн эцэг эхэд мэдэгдэхийн тулд байрны бүх хаалганы хонхыг дарж үзсэн ч тус болсонгүй. Эцэст нь хүүхэд доош унасан бөгөөд Агучи доороос нь тосон барьж авсан байна. Энэ тухай тэрбээр "Тэр хоромд ухаанаа төвлөрүүлж хүүхдийг барьж авахад хамаг анхаарлаа хандуулсан. Муу юм бүү болоосой гэж залбирсан. Харин би түүнийг гараараа биш цээжээрээ тулж авсан" гэжээ. Улмаар “Эхлээд би маш их цочирдсондоо амьсгал давчдаад байсан. Хүүхэд амьд эсэхийг ч мэдэхгүй байлаа. Улмаар хүүхэд уйлж эхлэхэд санаа амарч урт амьсгаа авсан” гэжээ. Мөн тэрбээр “Би хувь тавиланд итгэдэггүй. Гэхдээ тэр өдөр үеэл ах маань талх аваад ир гэж намайг явуулаагүй бол, хүүхэд аюулд ороод байгааг хэн нэгэн харж надад мэдэгдээгүй бол юу болох байсан бол” гэжээ. Охины эцэг эх юу болоод өнгөрснийг хэзээ хойно мэдээд гудамжинд гүйн гарч ирсэн байна. Агучи тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа эмнэлэгт ирж бяцхан охинтой уулзсан бөгөөд охин инээж наадан эрүүл саруул гүйж явааг харах сайхан байсан тухайгаа мөн ярьжээ. Энэ мэдээ цахим ертөнцөөр тэр дороо тарж нэг өдрийн дотор тэрбээр "ардын баатар" болсон байна. Үүгээр зогсохгүй Турин хотын дарга Стефано Ло Руссо, Европын парламентын гишүүн Камилла Лауретти нар Засгийн газартаа хандан Агуттиг сайн үйлсийн одонгоор шагнахыг уриалсан байна. Ерөнхий сайд Жоржиа Мелони "Маттиа Агучигийн ачаар охин амьд мэнд үлджээ. Энэ залуу баатарт гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна" хэмээн Х хуудсандаа бичсэн байна. Харин Агучи "Би баатар биш. Зүгээр л тэнд явж байж таарсан хүн" хэмээн даруухнаар хэлжээ. Улмаар "Ямар ч байсан энэ нь миний хувьд сайхан зүйл. Учир нь хүмүүс намайг жингээ хас гэж хэлэхээ больсон" хэмээн хошигножээ.
Зураг дээр: Маттиа Агучи найз бүсгүйн хамт
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.