Венец хот нэг өдрийн аялагчдаас 10 евро хураах болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-31
Жуулчид олноор зорьж очдог Италийн Венец хот ирэх жилээс эхлэн нэг өдрийн аялагчдаас 10 еврогийн хураамж авахаар болсон байна. ANSA агентлагийн мэдээлснээр хотын дарга Луижи Бруньаро хэвлэлийн бага хурал хийж "Ирэх жилээс бид туршилтын журмаар нэг өдрийн турш аялагчдаас нэвтрэх хураамж авах болно" гэж мэдэгджээ. Гэхдээ тус хотод жил бүр зохиогддог сэлүүрт завины уралдаан болох “Regatta Storica” баярын үеэр хураамж авахгүй, харин жуулчид олноор ирдэг амралтын өдрүүдэд авах ажээ. Тавиадхан мянган хүн амтай Венец хот өнгөрсөн онд 3.2 сая орчим жуулчин авчээ. Жуулчдын урсгалаас болж орон сууцны үнэ болон амьжиргааны өртөг эрс нэмэгдсэнээс оршин суугчид тус хотыг орхих болсон юм. Венецийн хүн ам 1961 онд 130 мянга орчим байсан бол өнгөрсөн оны наймдугаар сард 50 мянга хүртлээ буурчээ. Тус хот бүхэлдээ жуулчдын асар том цогцолбор болж хувирсан тул Венецийн эрх баригчид тодорхой шийдвэр гаргах шаардлагатай болсон байна. Улмаар жуулчдын урсгалыг багасгахын тулд 2018 онд нэвтрэх хураамж авах тухай захирамж гаргасан ч тухайн жил болсон их үерийн улмаас хотын төвийн 75 хувь усанд автсан зэрэг хохирол үргэлжилсээр байсан тул төлөвлөгөөгөө хойшлуулжээ. Үүний дараа цар тахал дэгдэж уг захирамж мөн хэрэгжиж чадаагүй байна. Энэ мэт шалтгааны улмаас хойшилсоор ирсэн уг захирамжийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр болсон аж. Хотын удирдлага энэхүү шийвдэрийг “Энд ажиллаж, амьдарч буй хүмүүсийн амар амгалан, сайн сайхны төлөө” гэж тайлбарлажээ. Харин Италийн Соёлын сайд Женнаро Сангильяно “Хотыг бүхэлд нь эрсдэлд оруулж буй хэт их аялал жуулчлалын асуудлыг шийдэх хэрэгтэй ч энэ шийдвэрийн хувьд сайтар судалж үзсэний дараа байр сууриа илэрхийлнэ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.