images

Афганистан: Буянт үйлс бүтээж яваад амиа алдсан япон иргэний үйл хэргийг үргэлжлүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-31


   2019 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Афганистаны зүүн хэсгийн Жалалабад хотод халдлага үйлдэгчид замд явсан машин руу гал нээж, зургаан хүний ​​аминд хүрсэн билээ. Энэхүү халдлагад өртөж амиа алдсан хүмүүс нь японы эмч Тэцү Накамүра болон түүний хамтран зүтгэгчид байв. 35 жил эмч, түргэн тусламжийн мэргэжилтнээр ажиллаж, нутгийн оршин суугчдын эрүүл мэнд, амьдрал ахуйн төлөө бүхнээ зориулсан Накамүра эмчийн нас барсан тухай мэдээнд нутгийн хүмүүс ихээхэн гашууджээ. Хоёр жилийн дараа исламын зэвсэгт бүлэглэл "Талибан" Афганистаныг хяналтдаа авсны дараа хэсэг нам гүм байснаар түүний буянт үйлс дахин сэргэжээ. Өнгөрсөн 28-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) хамтран Афганистаны зүүн нутгийн оршин суугчдын амьдралыг сайжруулах зорилгоор усжуулалтын байгууламж барих ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Кабул хотноо гарын үсэг зурах ёслол боллоо. Ингэснээр Японы Засгийн газрын дэмжлэгээр 95 сая доллар зарцуулж, Кунар мужийн тариалангийн талбайд орчин үеийн усжуулалт, усалгааны байгууламж барихаар болжээ. Энэхүү төслийн суурийг Накамүра амьд ахуйдаа тавьсан юм. 2003 оноос хойш тэрбээр Афганистаны зэлүүд газар нутгийн онцлогт тохирсон усалгааны системийг байгуулж, энэ нь 650 мянган оршин суугчдад ашиг тусаа өгсөн байна. Афганистанд суугаа Японы Элчин сайд Такаши Окада “Бид Накамүрагийн үйл хэргийг үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгджээ. 1946 онд Фүкүокад төрж, Кюүшюүгийн их сургуулийг төгссөн Накамүра 1978 онд Афганистаны ойролцоох Пакистаны Тирчмир уулыг зорьсон Фүкүокагийн экспедицид авиралтын багийн эмчээр явахдаа тус бүс нутагтай танилцжээ. Зургаан жилийн дараа тэрбээр Пакистанд ирж, уяман өвчтэй хүмүүсийг эмчилж, улмаар Афганистанд эмчээр ажиллаж, дүрвэгсдийг хамгаалах, тариалангийн талбайг усжуулах зэргээр хүмүүсийн сайн сайхны төлөөх үйлсээ өргөжүүлсэн байна. Нутгийн иргэд түүнийг "Кака" (ах) хэмээн дуудаж туйлаас найрсаг, дотно ханддаг байжээ. Тэрбээр 2003 онд Филиппиний ерөнхийлөгч асан Рамон Магсайсайн нэрэмжит сайн үйлсийн “Ramon Magsaysay Award” шагналыг хүртэж, нас барахаасаа хоёр сарын өмнө Афганистаны хүндэт иргэн болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.