images

Канадын эрдэмтэд орон гэргүй хүмүүсийн дунд туршилт явуулахад эерэг үр дүн гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-31


   Орон гэргүй хүмүүс олсон мөнгөө хар тамхи, архинд үрэн таран хийдэг гэж ихэнх хүмүүс үздэг ч энэ нь өрөөсгөл ойлголт болохыг судалгаагаар тогтоосон тухай “Guardian” сонин мэдээлжээ. Харин ч мөнгөө хэмнэж, түрээс төлж, хувцас хунар авч, унааны мөнгө төлдөг ажээ. Тус сонины мэдээлснээр, Канадын Бритиш Колумбын Их сургуулийн судалгааны баг Ванкувер дахь орон гэргүй 50 хүнийг сонгон авч, тэдэнд ямар ч нөхцөлгүйгээр 7500 канад доллар өгсөн байна. Тэдний зарцуулалтад дүн шинжилгээ хийсний үр дүнд дийлэнх нь уг мөнгийг түрээс, хоол хүнс, унаанд зарцуулсан нь тогтоогджээ. Эрдэмтэд энэхүү судалгааныхаа дүнг Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлд нийтэлж, орон гэргүй хүмүүсийн тухай өрөөсгөл ойлголт нь тэдэнд чиглэсэн зөв бодлого боловсруулахад саад болж байгааг онцолжээ. Улмаар тэдний асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд ямар нэгэн болзол, нөхцөлгүйгээр мөнгөн дэмжлэг үзүүлэх ёстойг онцолсон байна. Энэхүү судалгаа нь өмнө нь орон гэргүй 1114 америк хүмүүсийн дунд явуулсан судалгааны үргэлжлэл ажээ. Тэрхүү судалгаагаар орон гэргүй 50 хүнд яг ижил хэмжээний доллар олгосон бөгөөд тэдний мөнгөө зарцуулсан байдлыг мөнгө олгоогүй 65 орон гэргүй хүмүүсийнхтэй харьцуулсан байна. Ийн судалгаа хийж үзэхэд бэлэн мөнгө авсан орон гэргүй хүмүүс дэмий хэсүүчилж тэнэхээ больж, мөнгөөрөө хэрэгцээт зүйл худалдан авч, үлдсэнийг нь хадгалах зэрэг эерэг хандлага илүү үзүүлжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.