Энэтхэг улс найрсаг харилцаатай Сингапурт цагаан будаагаа дахин нийлүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-08-31
Дотоодын цагаан будааны үнийг тогтворжуулахын тулд цагаан будааны экспортыг хориглосон Энэтхэг улс онцгой найрсаг харилцаатай байдгийг харгалзан Сингапурт цагаан будааны нийлүүлэлтээ сэргээхээр болжээ. Тус улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ариндам Багчи "Энэтхэг, Сингапур хоёр улс маш нягт стратегийн түншлэлийн харилцаатай. Энэхүү онцгой харилцааг харгалзан манай улс хүнсний аюулгүй байдлын хэрэгцээгээ хангахын тулд Сингапурт цагаан будаа экспортлохыг зөвшөөрөв" хэмээн мэдэгдсэн тухай "Hindustan Times" мэдээлэв. Өнгөрсөн оны есдүгээр сард басмати будаа экспортлохыг хориглосон Энэтхэг улс өнгөрсөн сарын 20-нд мөн цагаан будаа экспортлохыг хориглож холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм. Тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй энэхүү шийдвэр нь энэ жилийн үргэлжилсэн их бороотой холбоотой ажээ. Өнгөрсөн сард төсөөлж байснаас их хэмжээгээр аадар бороо нь орсноос будаа тариалж буй олон мужид тариалалт зогсож, суулгацыг гэмтээж, будааны үнэ өсөхөд хүргэсэн байна. Үүнээс гадна найрсаг харилцаатай улс орнууд дотоодынхоо хэрэгцээнд зориулж цагаан будаа экспортлох хүсэлт гаргавал хүсэлтийг ёсоор болгох магадлалтай тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Сингапур улс нь АСЕАН-ы гишүүн орнуудын дунд Энэтхэгийн хамгийн ойрын түншүүдийн нэг юм. Одоогоор Сингапур луу хэдий хэмжээний будаа экспортлох нь тодорхойгүй байна. Дэлхийн хамгийн том экспортлогч Энэтхэг улс өнгөрсөн онд 22 сая тонн будаа экспортолжээ. Энэ нь дэлхийн цагаан будааны экспортын 40 гаруй хувийг эзэлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.