images

Дөрвөн доллараар худалдаж авсан зураг нь 250000 долларын үнэ хүрэхүйц алдартай бүтээл байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-01


   2017 онд АНУ-ын Манчестер хотын иргэн нэгэн эмэгтэй хуучин барааны дэлгүүрээс зургийн жааз худалдаж авахаар очоод дөрвөн доллараар жаазтай зураг худалдаж авчээ. Тоосонд дарагдаж хог шороо болсон уг зураг нэлээд хүнд байсан аж. Эмэгтэй гэртээ ирээд зургийг арчиж цэвэрлэн унтлагын өрөөндөө өлгөжээ. Хэдэн жил өлгөсний эцэст нөгөө зургаа шүүгээндээ хадгалсан байна. Өнгөрөгч тавдугаар сард гэртээ цэвэрлэгээ хийж байгаад дахин нөгөө зургаа олж гаргаж ирээд зүгээр зугаа болгож зургийг нь дараад “Хананаасаа ийм зураг оллоо” гэсэн тайлбар хийж Фэйсбүүктээ нийтэлжээ. Фэйсбүүкээс үүнийг олж харсан музейн ажилтан асан Лорен Льюис уг зургийг маш үнэтэй эд болохыг таамагласан байна. Тэр даруйдаа уг зургийг олж үзэх гэж гурван цаг гаруй жолоо барин давхиж ирсэн тухайгаа тэрбээр "Бага зэрэг зурагдаж сэвтсэн байсан ч зураг давгүй сайн хадгалагдсан байсанд гайхсан” гэжээ. Уг зураг нь Америкийн алдартай зураачдын нэг Ньюэлл Уайетийн (1882-1945) бүтээл байжээ. Ньюэлл Уайет бол "Эрдэнэсийн арал", "Робин Гүүд" зэрэг дэлхийд алдартай романуудын зургийг зурсан, амьдралынхаа туршид нийт 3000 уран зураг бүтээж үлдээсэн алдартай зураач юм. Тэрбээр мөн Америкийн гиперреалист зураач Эндрю Уайетийн аав юм. Энэхүү зураг нь Америкийн алдартай зохиолч Хэлен Хант Жэксоны 1884 онд хэвлэгдсэн "Рамона" романы дөрвөн зургийн нэг бөгөөд хэвлэлийн газраас редактор эсвэл зохиолчид бэлэглэсэн бололтой. Н.Уайетийн бүтээл дээр ажиллаж байсан туршлагатай Л.Льюис үүнийг харсан даруйдаа "Энэ бол жинхэнэ Н.Уайетийн зураг гэдэгт би 99% итгэлтэй байсан" гэжээ. Уг зургийг ирэх сарын 19-нд олонд дэлгэж үзүүлэхээр болсон байна. Зургийн үнэ доод тал нь 250 мянган доллар хэмээн тооцоолж байгаа тухайгаа тэрбээр CNN агентлагт ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.