images

Хурдны зам дээр таван сая зөгий асгарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-01


   Канадын Торонто хотын ойролцоох хурдны зам дээр өчигдөр өглөөний зургаан цагийн орчимд ачааны машин дээр тээвэрлэж явсан зөгийн үүр унаснаас болж таван сая орчим зөгий үүрнээсээ гарч тэр хавийн зам харгуйг бүхэлд нь бүрхжээ. Дуудлага хүлээн авсан цагдаа нар хэргийн газарт ирсэн боловч анх удаа ийм зүйлтэй тулгарсан тэд ямар нэгэн арга хэмжээ авч чадсангүй. Улмаар цагдаа нар өөр арга эрэлхийлж ойролцоох зөгийчидтэй холбогдож, хэргийн газрын зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, хүмүүсээс тусламж хүсчээ. Цаг орчмын дараа зөгийн аж ахуй эрхэлдэг долоон мэргэжилтэн ирж зөгийний сүргийг үүрэнд нь буцаан оруулах ажлыг эхлүүлсэн байна. Мэргэжилтнүүд уг байдлыг аажмаар хяналтандаа авсан ч ийн ажиллах явцдаа нэг зөгийчин 60 гаруй удаа хатгуулж эмнэлгийн тусламж авчээ. Энгийн иргэдийг зөгийд хатгуулахаас сэргийлэхийн тулд тус газраар дамжин өнгөрөх явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гурван цаг орчим хугацаанд зогсоосон байна. Өглөөний есөн цагийн үед нөхцөл байдал ерөнхийдөө хяналтад орсон ч үдээс хойш болтол зөгий рүү ойртохгүй, цонхоо нээхгүй байхыг цагдаа нар болон жолооч нарт анхааруулжээ. Баригдаагүй үлдсэн зөгийнүүдийг эргүүлж ирүүлэхийн тулд зарим үүрийг зам дээр үлдээсэн байна. Тухайн үед энэ нүсэр ажилд гар бие оролцсон нэгэн зөгийчин “Надад анх удаа ийм зүйл тохиолдлоо. Зөгийнүүд бүгд хатан зөгийгөө дагадаг тул хатан зөгийг олохоос ажлаа эхэлсэн” гэжээ. Зөгийг тээвэрлэж явсан ачааны машины жолоочийг ачаагаа хайхрамжгүй, муу ачсанаас замын хөдөлгөөнд саад учруулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.