images

Тэйлор Свифтийн тоглолт бөөн мөнгө, тоглолтын бичлэг нь бас бөөн мөнгө...

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-01


   Поп од Тэйлор Свифтийн АНУ-д шинэ амжилт тогтоосон “The Eras Tour” тоглолтын бичлэг ирэх аравдугаар сард Хойд Америкийн кино театруудад гарч, ашиг орлогоороо тэргүүлэх төлөвтэй байна. Тэрбээр олон нийтийн сүлжээнд "Eras Tour" бол миний амьдралын хамгийн утга учиртай, сэтгэл хөдөлгөм цаг мөч байсан" гээд "Удахгүй дэлгэцээр та бүхэнтэй дахин учрах болсондоо баяртай байна" гэжээ. Тоглолтын видео бичлэгүүд аравдугаар сарын 13-наас эхлэн Хойд Америкийн театруудаар гарна. АНУ-ын хамгийн том кино театрын сүлжээ болох AMC нь Т.Свифтийн тоглолтыг гаргах тухайгаа вэбсайтынхаа тэргүүн нүүрэнд мэдээлж, нээлтийн хуваарийг гаргажээ. AMC "АНУ-д хийсэн анхны аялан тоглолтын үеэр гурван сая гаруй шүтэн бишрэгчид нь “Eras Tour”-ыг үзсэн. Энэ нь өмнөх бүх тоглолтын тасалбар борлуулалтын дээд амжилтыг эвдсэн. Гэвч тасалбар авч чадаагүй үлдсэн олон арван сая шүтэн бишрэгчдэд энэ удаа дахин боломж гарч байна” гэжээ. Тасалбарын үнэ 19,89 доллар, хүүхэд болон ахмад настанд 13,13 доллар байх аж. Мөн өмнөхөөсөө тав дахин олон тасалбар цахимаар борлуулахад техникийн саатал гаргахгүй байх үүднээс вэбсайт болон захиалгын цахим хуудасны серверийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ. Улмаар тасалбарын захиалга эхэлсэн даруйд эхний өдрийнх борлуулагдаж дууссан байна. Зах зээлийн шинжилгээний “Comscore” компанийн ахлах шинжээч Пол Дергарабедян энэ талаар CNBC-д хэлэхдээ "Тасалбарын орлого зөвхөн эхний амралтын өдрүүдэд 100 сая доллар давах төлөвтэй байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.