images

Вьетнамын католик шашинтнууд пап Францисийг эх орондоо урихаар Монголд иржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-04


   Монгол улсад айлчилж буй пап Францист нутагтаа айлчлах хүсэлт тавихаар Вьетнамын католик шашинтнууд ирснийг “Reuters” агентлаг сурвалжлав. Коммунист дэглэмтэй тус улсын итгэгчид бямба гарагийн үдээс хойш Улаанбаатар хотын Гэгээн Петр, Полын сүмд цугласан 2000-аад хүний дунд байсан бөгөөд тэдний зарим нь “Пап аа, Вьетнамд айлчлаарай” хэмээн хашгирч байсан аж. Вьетнам улс 1975 оны дайны дараа Ватикан улстай найрамдалт харилцаагаа тасалсан түүхтэй. Мөн тус улсын удирдагчид католик сүмийн сүсэгтнүүдийг колоничлогч Франц улстай хэт ойр байсан гэж гадуурхан үздэг байжээ. Папыг харахаар Хо Ши Мин хотоос Монголд ирсэн Синди Пам “Би папыг маш ойроос харлаа. Нүдний нулимс гарч, уйлах  нь холгүй болж байна" хэмээжээ. Мөн “Түүнийг үүдний тэндээс анх хараад илүү сайн харахын тулд урагш гүйсэн” гэв. Тэрбээр “Өмнө нь пап манайд айлчлах боломжгүй мэт байсан бол өнгөрөгч сард манай хоёр улс хэлэлцээр хийж Папын суурин төлөөлөгчийн газрыг Ханой хотод байгуулахаар тохирсон юм. Ингэснээр пап Вьетнамд айлчлах нь бодитой зүйл болсон” гэж ярьсан байна. Өнгөрөгч сарын 27-нд Вьетнамын ерөнхийлөгч Во Ван Туонг Ватиканд айлчилсан юм. С.Пам энэ бүхнийг дурдаад “Пап Францис ойрын хугацаанд манай улсад айлчилна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. Мөн Филиппинд амьдардаг жуулчны хөтөч вьетнам эмэгтэй Марья Во Улаанбаатарт папыг ойроос анх удаа харсан тухайгаа “Би юу мэдэрч буйгаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Үнэхээр баяртай байгаа учраас тэр. Вьетнамын иргэд бид Францист маш их хайртай, манай улсад айлчлахыг нь тэсэн ядан хүлээнэ” хэмээн хэлснийг CNN агентлаг эш татсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.