58 настай америк эмэгтэй дэлхийн хамгийн урт гэзэгтэй хүн боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-09-04
АНУ-ын Тэннесси мужийн иргэн 58 настай Тами Манис дэлхийн хамгийн урт тав гэзэгтэй эмэгтэй болж Гиннесийн амжилтын номд орохоор боллоо. Түүний гэзэг өөрөөс нь урт буюу 172.72 см бөгөөд энэ нь дундаж эрэгтэйн өндөртэй чацуу юм. Түүний үс нь “mullet hair” хэмээх засалттай бөгөөд энэ нь урд болон хажуу талаа богиносгож, харин арын үсээ урт ургуулдаг засалт юм. Энэхүү засалт нь 1980-1990-ээд онд хамгийн түгээмэл байсан бөгөөд дуучин Билли Рэй Сайрус, жүжигчин Марио Лопэс нар энэ засалтыг улам алдаршуулжээ. Нийтийн эрүүл мэндийн сувилагч Т.Манис 1980-аад онд АНУ-ын “'Til Tuesday” рок хамтлагийн “Voices Carry” дуунаас санаа аван анх гэзэг тавьжээ. Түүнээс хойш 1989 оны 11 дүгээр сард үсээ тайрчхаад маш их харамссан тул тэр явдлаас хойш 33 жилийн турш үсээ огт тайраагүй гэнэ. Мөн тэрбээр үс нь сайн ургаж буй нууцыг удмынх гэсэн бөгөөд үсээ байнга аргоны тос агуулсан ангижруулагчаар угаадаг байна. Т.Манисийн энэ амжилт 2024 онд гарах Гиннесийн амжилтын номд орох ажээ. Энэхүү өвөрмөц засалт нь хүмүүст гүн сэтгэгдэл үлдээдэг ч олон бэрхшээл дагуулдаг болохыг тэрбээр өгүүлжээ. Т.Манис доод тал нь долоо хоногт нэг удаа үсээ угааж, сүлжихдээ хүмүүсийн тусламж авдаг бөгөөд ихэнхдээ найз нараараа сүлжүүлдэг аж. Мотоцикль унахдаа урт сүлжсэн үсээ заавал халаасандаа хийнэ. Тэрбээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоосоо өмнө өнгөрсөн жилийн АНУ-ын өвөрмөц үсний хэв маяг шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.