images

Холливүүдийн од Крис Рок бороо, шавар шалбааг дундуур 10 км газар явган алхжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-04


   АНУ-ын Невада мужийн Рено хотоос хойд зүгт 177 км-ийн зайд орших “Black rock” элсэн цөлд өнгөрсөн сарын 27-ноос эхлэн “Burning man” хөгжмийн наадам болсон бөгөөд энэ сарын 1-нээс эхлэн гэнэтийн аадар бороо орсон байна. Үүний улмаас зам харгуй нэлдээ шавар шалбааг болж автомашин явах боломжгүй болсон тул зохион байгуулагчид аюулгүй байдлын үүднээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ. Тус бүс нутгийг хариуцдаг онцгой байдлыг албаны мэдээлснээр 70 мянга орчим хүн уг голомтод гацсан байна. Автомашин явах боломжгүй болсон тул ихэнх хүмүүс хэдэн арван километр замыг явган туулсан аж. Тус наадамд уригдсан поп од DJ Diplo болон инээдмийн жүжигчин Крис Рок нар ачааны машины тэвшин дээр суусан бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлж уг машинд гар өргөж дайгдах хүртлээ 10 километр газар явган явсан тухайгаа бичжээ. Тэд "Бид зам дээр хэдэн цагийн турш гар өргөн замын унаанд дайгдах гэж оролдлоо. Биднийг хөгжмийн наадамд оролцохоор ийм зам туулж яваад хэн ч үнэмшихгүй дээ" гэсэн байна. Тус наадамд мөн оролцсон хуулийн сургуулийн профессор Нейл Катял өнөө өглөө олон нийтийн сүлжээнд "Харанхуй шөнөөр, шавар шалбааг дундуур 6 майл газар туулах амаргүй байлаа” гэсэн байна. Улмаар энэ бэрхшээлийг эс тооцвол хөгжмийн наадам гайхалтай сайхан байсныг дурджээ. Наадмын зохион байгуулагчид өнөөдөр үдээс хойш дахин бороо орж болзошгүйг хэлээд оролцогчдоос тоглолтын талбайд аль болох ойр байж, бэлдсэн хоол хүнсээ гамнаж хэрэглэх, бусадтайгаа хуваалцахыг хүссэн байна. Энэхүү хөгжмийн наадам нь авангард соёлын үзүүлбэр голлон долоо хоног орчим үргэлжилдэг бөгөөд оролцогчид өөрсдөө ус, хоол хүнс, хэрэгцээт зүйлсээ авчирч хээр хоноглох зэргээр наадмыг илүү адал явдалтай, сонирхолтой болгодог ажээ. Цаг агаар ийн таагүй байсан хэдий ч оролцогчид шавар шалбааг дунд бүжиглэж, борооны усаар тоглох зэргээр хөгжилдөж буй бичлэгээ цахим орчинд нийтэлсэн байна. Наадмын талбайд томоос том солонго татсан нь хүмүүсийг илүү их баясгаж байжээ. Тус наадмыг үзэгч Тереза ​​Галлеани “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа "Үнэнийг хэлэхэд энд маш хөгжилтэй сайхан байна. Хүнд хэцүү зүйл нэгээхэн ч алга" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.