Украин: Сайдын алба хаших анхны татар хүн хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2023-09-04
Өчигдөр Украины шинэ Батлан хамгаалахын сайдаар 41 настай Рустем Умеров нэр дэвшжээ. Тэрбээр тус улсын Үндэсний хөрөнгийн сангийн тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд Оросын эсрэг хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж ирсэн Крымын татар гаралтай залуу улс төрч юм. 1982 онд Узбекистаны Самарканд хотод төрсөн түүний эцэг эх хуучин ЗХУ-ын үед Узбекистан руу нутаг заагдаж байсан бөгөөд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр Крымын татаруудыг нутаг буцахыг зөвшөөрсний дараа тэднийхэн Крымд иржээ. Тэрбээр ахлах сургуульд байхдаа АНУ-д нэг жил суралцаж, Украины Үндэсний удирдлагын академид эдийн засаг, санхүүгийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалж, мөн Үндэсний техникийн их сургуульд компьютер, мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж төгссөн байна. Улмаар харилцаа холбооны чиглэлээр компани байгуулан бизнес эрхэлж байхдаа Крымын татаруудын хүний эрхийн хөдөлгөөний загалмайлсан эцэг гэгддэг улстөрч Мустафа Жемилевийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2019 онд Украины Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогджээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос улс түрэмгий дайн эхлүүлсний дараа тэрбээр хоригдлууд солилцох, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар Оростой хэлэлцээ хийхэд оролцож байв. Тэр дундаа дайн эхэлсний дараахан Оростой Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээртэй холбоотой яриа хэлэлцээнд чухал үүрэгтэй оролцжээ. Ингээд өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчийн хувьчлалын асуудалд хяналт тавьдаг Үндэсний хөрөнгийн сангийн тэргүүнээр томилогдсон байна. Гадаадын хэвлэлүүд Украинд авлига газар авснаас болж хувьчлалын үйл явц удааширч, Үндэсний хөрөнгийн сан ч хэд хэдэн авлигын дуулиантай холбогдож байсан ч Р.Умеров энэ байгууллагыг сайн удирдаж ирсэн гэж үнэлжээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский Р.Умеровыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлж байгаагаа зарлахдаа "Тэр бол нэмэлт тайлбар хэрэггүй хүн" гээд, парламентаасаа зөвшөөрөл авна гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв түүнийг парламент баталж, албан ёсоор томилогдвол Украинд сайдын албан тушаалд хүрсэн анхны татар хүн болно гэж “Al Arabia” телевиз өнөөдөр мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.